Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь хүүхдэдээ хоосон амлалт өгөх. Хүүхэд юм чинь гэж боддог, гэтэл хүүхэд байх тусмаа учрыг ухаж ойлгож мэдэхгүй тул амархан гомддог, урам хугардаг.
✳ Ном уншиж өгөхийг хүсэх
✳ Өөрийнхөө хийсэн зүйлийг үзүүлэх
✳ Бодсон, болсон зүйлээ шулганаад танд ярих гэх үед
✳ Шинэ найзтай болсноо танилцуулах гэхэд
ТА ХАРИН “Чишшшш, дүүг нь унтахаар, байж байгаад, тэгэж байгаад, завтай болохоороо” гэж тэрхэн хоромд аргалчихаад МАРТДАГ, хүүхэд харин МАРТДАГГҮЙ хүлээдэг. Мөн:
– Орой ээж нь цэцэрлэгээс нь авна аа
– Амралтаар нь бүгдээрээ гадуур гарна
– Аав нь маргааш амраад хамт байна гэх мэт амлалт өгдөг.
Амлалт өгсөн л бол үнэн бай, гарцаагүй амжаагүй бол хүүхдийнхээ нурууны түвшинд очиж суугаад нүд рүү нь хараад гараас нь атгаад үнэн учраа тайлбарлаж чин сэтгэлийн уучлал хүсэж дараа хэзээ амлалтаа биелүүлэх тухайгаа тохиролцож байгаарай. Ажил ихтэй байлаа, зав ёстой гарсангүй гэх шалтаг, тайлбар тань хүүхдэд ойлгогдохгүй шүү.
Энэ байдлаар тодорхой биш байгаад удвал хүүхэд ном уншуулахыг хүсэхээ, танд итгэхээ, тантай ярихаа, тан руу хандахаа ч больчихдог. Гэхдээ тэр өөрийгөө сонсох, хамт байх хэн нэгнийг заавал олно. Харин тэр хүний СЭТГЭЛ таныхыг орлож чадах болов уу.
Хүүхэд танаас үлгэрлэж хүмүүнждэг. Ээж аав та хэдий чинээ худал амлалт* өгнө таны хүүхэд хариуцлагагүй, шалтаг тоочсон, тайлбар тавьсан нэгэн болох магадлалтайг ойлгоорой.
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)