Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч, мөн сарын 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл салхилж шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулаад байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр аймаг, нийслэлийн хэмжээнд барилгын ажил нь түр хугацаанд зогссон болон барилгын ажил гүйцэтгэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус яамнаас дараах зөвлөмж, анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд:
Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж барилга дээрээс барилгын материал болон тоног төхөөрөмж унах, ажилчдын болон иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
Аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх хугацаанд өргөн, зөөн тээвэрлэх машин механизмуудыг ажиллуулахгүй байх;
Даралтат сав шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах;
Барилгын угсардаг шат, тавцан болон талбайн аюулгүй ажиллагааг хангуулж, өндөрт барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхгүй байх, ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажилчдад холбогдох зөвлөмжийг өгөх;
Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах;
Дээрх зөвлөмжүүдийг барилгын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, дүрмүүдийн хүрээнд бэлэн аюулгүй байдлыг хангуулан ажиллахыг уриалж байна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ