-Шантаажчид зорьсондоо хүрч болно, хохирогчид нь харин хэн бэ?-
Монголын улс төрд шантаажчид үүрлэж, тэдний хар муу үйлдлийн балгийг ард түмэн үүрч яваа гээд хэлчихэд хатуудсан болохгүй байх. Монголын нийгмийн ёс суртахуун уруудан доройтсон талаар толгойтой болгон хүүрнэх болжээ. Иргэд том, жижиг гэхгүй ямар ч асуудлаа танилын нүүрээр шийдүүлж, авлига хээл хахууль цэцэглэн хөгжсөнд Монголын улс төрийг шантаажаар бохирлож ирсэн улстөрчид буруутай.
Улс төрд орж ирээд дарамт шантаажаар асуудлыг шийддэг хэд хэдэн бүлэглэл үүссэнийг одоо л нэг нийтээрээ ойлгохтойгоо болсон. Хүний нийгмийн хамгийн бохир, увайгүй системийг энэ цагийнхан бий болгож, шантаажчдын том, жижиг бүлэглэлээс салахын түүс болж байхад АН 2020 оны сонгуулийн нэр дэвшигчдээ жинхэнэ шантаажчидаар бүрдүүлээд эхэллээ.
АН-д өнөөдөр орж ирж байгаа нөхдийг хар даа. Улстөрийн ямар нэгэн акц үйл явц өрнөхөд зарим нь амиа бодоод намаасаа зугтаасан. Бялууны шимтэйг хүртэж явсан баатар Э.Бат-Үүл нь намын нөхөдтэйгөө таарахаа байгаад явчихсан. Нам нь ч гэсэн нам, нэг нэгэнтэй нь зодолдуулаад, бүр хэдэн тийшээ харсан. АН хог буртгаасаа салж шинэ залуу хүмүүсээр нэр дэвших багаа бүрдүүлж байгаа гэж ирээд хөмхийгөө зуун жаатайн инээсэн нэг нөхөр зарлаж байсан. Худлаа байжээ. Нөгөө дуулдаад байсан залуусаа жийж байна.
Лектор гэх төвөөс карьераа эхэлсэн Ц.Баатархүүг намын генсекээр тавьж МАН-тай барьцалдаад байсан тэрний хэрэг ч алга. Ийм юмыг тэвчээд ах нарынхаа улыг долоож байгаа нь тэр нөхрийг хэн болохыг харууллаа. Намын ахмад настнууд түүнийг шатрын хүү л болгож. Өнөөх нь дүрдээ итгээд яваад байгаа юм.
Э.Бат-Үүл өчигдөрхөн З.Энхболдыгоо адгийн амьтан гэж зарлан тойрог дээр нь өрсөлдөнө гэсэн. Гурав хонолгүй өнөөхөө муулахаа байлаа. Дөрөв хоноод өнөөх намаа шүүмжлэх, бие даах энэ тэрээ орхив. Тав дахь хоног дээр нь АН-ын байран дээр хэвлэлийн хурал зарлав.
Эрх баригчдын удирдлагуудтай өрсөлдөнө, надтай өрсөлдөх хүн байна уу гэчихсэн тууж явах юм. Нэг ч муу үг ганхийхээ больсон. Тэд шударга юм яриад байсан шударга ёсны дуу хоолой биш, шантаажчин гэдэг нь энэ. Дээр нь шүүхийн хаалга татаад байсан, энэ далимаар өөртөө ашигтай шийд гаргахаа тохироо байлгүй. Эд нар ийм л хүмүүс.
С.Баярцогт байна. Хэдэн жил оффшорчин, луйварчин түүвэрчнээрээ дуудагдаад хэцүү нэртийн хаалгаар орж, гараад явсан. Өнөөдөр ардын баатар аятай л аяглаж байх чинь.
АН шинэ залуу гаргана гээд байсан. Өөрийнхөө намаас урваад явсан, дээр нь энэ тэндхийн намд шургаад орчихсон хог шаараар дүүрлээ. Саяхан л ангайтал хуурдаг АН-ынхан гээд Ардчилсан намынхныг зүхдэг байсан биш билүү.
С.Жавхланг Баянзүрхэд нэр хүнд нь өндөр байгааг далимдуулан З.Энхболдын замыг засахаар хошгоруулж байгаад намдаа элсүүлж, Увс руу илгээж байгаа юм байна. Дэвших тойрог олдохгүй тэвдэж явсан З.Энхболд Баянзүрхийг бараадахдаа нэг том тээгээ ийн намд элсүүлэн зайлуулав.
Иргэд эхнээсээ АН хогийн сав юм уу, энэ тэндхийн хаягдал гологдол юм уу гэцгээж байна.
Гудамжны тэмцэл, АН гэж явсан Иргэний хөдөлгөөний нам, дараа нь хичнээн нам дамжсан, өөрөө нам байгуулсан Г.Уянга АН-ыг зүхээд сууж байсан нь өчигдөрхөн санагдаж байна. Өнөөдөр АН-аас Чингэлтэйд өрсөлдөнө гээд нүд чилэм тод улаан дээлтэй зургаа сошиалаар залхтал явуулж байна. Халаасандаа шантааж хийхэд зориулсан нэг намын тамга тэмдэг хийгээд явдаг хүн. Нэг л өдөр АН руу дайрч давшлахад гайхах зүйл алга.
Мөнгөтэй айлын хүргэн болсон, мөнгөлөг банкны халаасанд багтсан Э.Долгион гэх залуу хаагуур ч юм явж байгаад АН руу өчигдөр гэнэтхэн хаалга өшиглөөд ороод ирлээ. Тойргоо тордоод явж байсан АН-ын үнэнч гишүүд яах болж байна аа. Мөнгөөр зодож алчих гээд байхаар АН-аас анхнаасаа үнэнч зүтгэж ирсэн залуус яаж дэвшиж гарч ирэх болж байнаа. Залуухан, намтар богинотой, Блүмбэрг ТВ гэх мэтээр дамжин, баячуудын эгнээ рүү яаж орж ирсэн нь тодорхойгүй.
Дүү Э.Дөлгөөн нь өнөөх хонгилынхонлдд багтдаг Ч.Сайханбилэгийн зөвлөх байлаа. Саяхан л Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны хэргийг нийгэм жигшиж байсан. Энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй л байгаа. Гэтэл энэ банкны гол дүр хурууны үзүүртээ зарж яваа, тэдний төлөө хамаг хүчээ зориулах Э.Долгионыг АН нэр дэвшигч болгоод томруулж байгаа нь мөнгө хүчтэйх үү. ХХБ өөрийн хүнээ УИХ-д залсан нь тодорхой.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаа худалдан авахад зарцуулсан 400 сая долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн схемийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нийтэд танилцуулсан. Гэтэл тэр танилцуулсан компаниудын нэг нь болох “Юнайтед энержи” ХХК-ийн захирал нь Э.Долгионы төрсөн дүү Э.Дөлгөөн байж таарсан. Тэгэхээр Э.Долгионы улс төр лүү орох гэж сандарч байгаагийн учир тайлагдаж байгаа биз.
МАХН-аас нэр дэвшиж УИХ-д суучихаад намаа орхиж, Н.Энхбаяраа мурьж явсан О.Баасанхүү АН руу яагаад орчихов. АН түүнийг нэр дэвшүүлнэ гэчихээд бас мурьчихаж байгаа юм болов уу. Сошиалаар гомдол мэдүүлээд эхэлж. Тойрог өгөхгүй бол өмгөөлөгчөө хийнэ. Ц.Элбэгдоржийг өмгөөлнө гэж зарлав.
Шантаажчидаас популистууд төрдөг. Тэд улс орноо тонон дээрэмддэг. Хийх ажлаасаа илүү хоосон амлалтаар дүүрсэн Мөрийн хөтөлбөрүүд үзүүлж нэр дэвшээд 4 жил улс орныг самраад дуусдаг. Баялгийг хувьдаа ашигладаг арга заль ихтэй хууль цаазын цоорхойг мэдэрч боловсорсон эх орныхоо эд баялаг ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж, үл мэдэгдэх аргаар өөрийгөө баяжуулдаг хүмүүсээс салаагүй цагт энэ улс хөгжихгүй. Яана даа, АН минь. Яана даа, АН-ын жийгдсэн залуус минь. Та нарт нээгддэггүй хаалга шантаажчидад ийм л амархан онгойдог юм байна.
Д.ЖАРГАЛАН