УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох уг тогтоолыг чуулганы олонх гишүүд дэмжсэн юм. Ингэснээр “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго биелэх боломжтой боллоо.
Чуулганы хуралдаанд тус тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “2019 оны статистикийн мэдээллээр улсын хэмжээнд 233.3 мянган малтай өрх байгаагаас 171.6 мянган малчин өрх, 61.7 мянган мал бүхий этгээд байх бөгөөд энэхүү мал бүхий этгээдэд нийт ямааны 10 орчим хувь буюу 2.6 сая ямаа тоологджээ.
УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд зөвхөн малчин өрхөд ноолуурын урамшуулал олгохоор тусгаснаас дээрх дурдсан мал бүхий этгээд урамшуулалд хамаарагдахгүй үлдэж, тэгш бус байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байх тул уг тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хууль санаачлагч үзсэн” хэмээлээ. 2019 оны мал тооллогоор улсын хэмжээнд нийт 29.3 сая ямаа буйг тоолсон бөгөөд ноолуурт олгох урамшуулалд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан ажээ.