Коронавирусийн халдварын эрсдэлтэй энэ үед Засгийн газар, ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан зааврын дагуу ажиллаж байгаа эсэх, хөнгөлөлттэй эмээр сард үйлчилсэн хугацаа, эмийн хангалт, цахим системийн ажиллагааг шалгах чиглэлүүдийн хүрээнд 60 эмийн санд шалгалт хийлээ.
Тус шалгалт нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангууд даатгуулагчдад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хугацаанд эмийн сангийн ачаалал, зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж буй даатгуулагчдад ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсгэж буй эсэхийг тодруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх юм.
Хяналтаар зарим эмийн сан халдварын нөхцөл байдалтай холбогдон гарсан заавар зөвлөмжийг баримтлаагүй, өрхийн эмч цахим жорын дугаарыг алдаатай бичих, өвчний онош бичээгүй байх, оношид тохироогүй эм бичих, шаардлагатай эмийн татан авалт, нөөц бүрдүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.
Мөн даатгуулагч иргэд ажлын цаг эхлэхээс 4-5 цагийн өмнө ирж дугаарлан зогсох, шаардлагагүй эм авах, нөөцлөх, нэг хүн 3-аас дээш цахим жор бичүүлж ирэх, эмийн сангаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хүн хоорондын зайг баримтлахгүй нийтлэг дутагдал илэрсэн байна.