УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Байнгын хорооны санал дүгнэлтийг УИх-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.
Уг хуулийн төсөлд Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгажээ.
Тус байгууллага нь хуулиар төрийн хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Гишүүдийн олонхи дэмжиж уг хуулийн төсөл батлагдлаа.