“Интермед” эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч С.Хүрэлбаатартай улаан хоолойн өвчлөл, хавдрын талаар Ikon.mn сайтад ярилцлага өгсөн байна.
Тэрбээр улаан хоолойн хавдарын талаар хэлэхдээ “Хавдар бол гаднаас халдварлаж орж ирдэг өвчин биш. Эд эрхтэн дотроосоо өөрөөсөө үүсч байгаа өвчин. Ихэвчлэн хувь хүний буруу зуршлаас шалтгаалдаг.
Жишээ нь: Улаан хоолойн салст бүрхүүлд олон жилийн турш үргэлжилсэн гаднын сөрөг нөлөөлөл, хүчилд түлэгдсэний улмаас бүтэц нь алдагдаж, эсийн хувиралд орж хавдар үүсэх гэх мэт. Хорт хавдарт нөлөөлдөг олон төрлийн шалтгаан байдаг. Архи, тамхины хэрэглээ нэгдүгээрт орно. Тамхи их татахаар цагаан мөгөөрсөн хоолойн дотор хавтгай хучуур эс солигдоод, тамхины байнгын хоронд бүтэц нь өөрчлөгдсөөр байгаад хавтгай хучуур эс нь солигдож хавдрын эс болж хувирдаг. Ходоодны сөөргөө өвчин мөн нөлөөлнө. Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовуураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовуур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж. Ходоод, улаан хоолойн заагийн булчингийн ажиллагаа муудаж, ходоодны хүчил улаан хоолойг байнга цочроож гэмтээснээс болж үрэвсэж, шархалдаг. Үүнээс болж улаан хоолойн салстын эсүүд өөрчлөгдөн хувирдаг Бареттын өвчин гэж бий. Мөн салст давхаргын хавтгай хучуур эсийг удаан хугацааны турш түлснээр хавдар болоход нөлөөлдөг.Хоол, цайг халуунаар ууж иддэг хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл хамгийн өндөр. Давсны хэрэглээ, тэр дундаа удаан хадгалсан, лаазтай, давсалсан, иссэн бүтээгдэхүүн болон таргалалт нөлөөлнө” Гэжээ.
М.Баяр