Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч Алан Пиллоу, тус банкны Төв Ази, Монголыг хариуцсан дарга Андре Куусвек болон Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нартай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим уулзалт хийжээ.
Тэд энэ үеэр коронавирус цар тахлын үед хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар санал солилцсон байна.
ЕСБХБ-аас Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад урьдчилсан байдлаар багтаахаар төлөвлөж байгаа нь гэнэтийн үйл явдал болж байгаа хэдий ч энэ нь бидний хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдэд нөлөөлөхгүй гэсэн байна.
Тодруулбал, Улаанбаатар-Дарханы зам өргөжүүлэн хоёр эгнээ нэмэх, Чойр-Сайншандын цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах, Улаанбаатар хотын дулаан сүлжээг өргөтгөх зэрэг төслүүдэд огт нөлөөлөхгүй, хувийн хэвшлийн байгууллагуудад үзүүлж ирсэн тусламж үйлчилгээгээ хэвээр үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Мөн хар жагсаалттай холбоотой асуудлаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Сануулахад, Европын комиссоос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын тулд шинэ бүтэц бүхий байгууллагатай болох саналыг холбооны гишүүн улс орнуудын засгийн газруудад хүргүүлээд буй.
Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлд дутагдалтай орнуудын жагсаалтыг шинэчилж, Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Мавритани, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве зэрэг улсуудыг нэмэхээр болж буйгаа Европын комиссын зүгээс мэдэгдсэн. Жагсаалтыг сарын дотор албажуулан батлах бөгөөд ирэх аравдугаар сараас эхлэн мөрдөх аж. Коронавирусний улмаас “Хар жагсаалт” дахь улс орнуудад тавих хяналтыг хэрэгжүүлэх хугацааг аравдугаар сар болгон хойшлуулаад буй юм.