Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабал Үндсэн хуулийн гишүүд “арчаагүй” учраас улстөрчдийг даврааж байгаа тухай ярилаа. Тэрбээр ” Би 1999 оноос хойш бараг 21 дэх жилдээ Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлж байгаа хүн. “Шударга төрийн төлөө” ТББ-ыг байгуулсан. Төрд 40 орчим жил ажиллалаа.
Өнөөдөр Монгол төрийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа хууль тогтоомжийг 50 жил эргүүлсэн. Тийм учраас хуулийг биелэж байгаасай. Төрийн өндөр албан тушаалтнууд шударга ажиллаасай. Монголын төр тогтвортой байгаасай. Төрийн нэр хүнд дээшлээсэй гэсэн бодлогын үүднээс Үндсэн хуулийн цэцэд дахин дахин хандаад байдаг юм.
Хамгийн сүүлд буюу 2020 он гарсаар хоёр удаа Цэцийн хуралдаанд суулаа. Би шүүмжлэлтэй хандмаар байна.
Цэцийн үйл ажиллагаа хуульд нийцэхгүй байна. Ард түмэн маань парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд нээлттэй, ил тод газруудыг шүүмжилдэг. Гэтэл хамаг асуудлын уг углуурга, буруутан нь Цэц гэдгийг мэддэггүй. Үндсэн хуулийн цэц арчаагүй зан гаргаад байх ёстой байртаа байхгүй, улс төрд автагдаж, томилсон этгээдүүдээ үйлчлээд байгаа болохоор улстөрчид дураараа загнаад байна.
Уг нь бол Үндсэн хуульд хяналт тавих дээд эрх нь Цэцэд л байна. Албан тушаалын дарааллаар Цэцийн дарга нь УИХ-ын дэд дарга, Шадар сайд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нартай энэ зэрэгцэх мундаг албан тушаал. Мөн Цэцийн гишүүд нь ч гэсэн дархан эрх, ямбатай. Парламент, Засгийн газрын гишүүдтэй нэгэн адил эрхтэй. Дээр нь бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил юм. Ийм хүмүүс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт тавьдаг. Хууль зөрчсөн байвал өөрсдийг нь огцруулах асуудлаар дүгнэлт гаргадаг.
Төрийг төвшин, тогтвортой байлгах баталгааг нь Цэц хангаж өгдөг байх ёстой. Гэтэл тэр үүргээ биелүүлж чадахгүй байна.
Б.ИРЭЭДҮЙ