Өчигдөр буюу /2020.05.12/ өдөр хэсэг залуус нийслэлийн зам дагуу “Битгийн давар” гэх лоозон барин жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Эдгээр залуус нь эрх баригчдаас хариуцлага нэхэж ЖДҮ хөгжүүлэх сангийн зээл, 60 тэрбумын хэрэг гэх мэтийг иргэд мартаагүй. “Бидэнд санах ой бий” хэмээн үзэл бодлоо илэрхийсэн.
Харин энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас зогсоож, залуусыг саатуулсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Өчигдөр өглөө нийслэлийн төв зам дагуу жагсаал, цуглаан зохион байгуулж байна гэсэн мэдээ иргэдээс ирсэн.
Энэ дагуу шалгахад цар тахлын онцгой дэглэм тотоосон үед хэсэг залуус хууль бус жагсаал зохион байгуулсан нь тогтоогдсон. Уг хууль бус жагсаалыг нийслэлийн бусад дүүрэгт явуулсан байна.
Иймд хуулийн дагуу тус үйлдлийг таслан зогсоож шалгахад жагсаалд иргэдийг оролцуулахдаа мөнгө, төгрөг өгсөн байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар илэрсэн. Залуусыг баривчлаагүй, хуулийн дагуу шалгаж, тайлбар аваад явуулсан.