ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь өчигдөр /2020.05.12/ батлагдаж, тэрбээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Энэ тухай Кремль мэдэгджээ. Түүнчлэн түүний эхнэр Татьяна Навка мөн өвдөж, эмнэлэгт хэвтжээ.
Дмитрий Песков, сүүлийн сар гаруй хугацаанд Путинтэй биечлэн уулзаагүй гэжээ. Кремлийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сүүлийн 12 өдрийн турш Песков ажил дээрээ харагдаагүй байна.
Коронавирусийн халдвар ОХУ-ын төр засгийн дээд хүрээнд тархаад байгаа. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тус улсын ерөнхий сайд Михайл Мишустиний шинжилгээний хариу эерэг гарсны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм.
Мөн барилга, хот байгуулалтын сайд Владимир Якушев, соёлын сайд Ольга Любимова нар халдвар аваад байна.