УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа дөхсөнтэй холбогдуулан хаврын чуулганыг энэ долоо хоногт өндөрлүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, хугацаа сунган хуралдах тухай мэдээлсэн. Тиймээс энэ долоо хоногт чуулганыг гурван өдөр хуралдуулахаар болжээ.
Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.