Нийгмийн сэтгэл зүйОнцлох мэдээ

М.Нарантуяа: “Монголын нийгэмд ийм зүйл болоод байна” гэж мэдээлэх нь нийгмийн сэтгэл зүйд асар хортой

narantuya-зураг-273x300 М.Нарантуяа: “Монголын нийгэмд ийм зүйл болоод байна” гэж мэдээлэх нь нийгмийн сэтгэл зүйд асар хортойМУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбарын Боловсролын сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор М.Нарантуяатай “Боловсрол судлал сэтгүүлд 2017 онд хэвлүүлж байсан “Цагдаагийн алба хаагчдын сэтгэлийн хөдөлгөөний чадамжийг судалсан үр дүнг”-ийн талаарх эрдэм шинжилгээний өгүүллийн талаар ярилцсан юм.

-Нийгмийн сэтгэл зүйн хандлага, өөрчлөлт энэ чиглэлээр мэргэжлийн хүнээс, тэр тусмаа багш хүнтэй ярилцах боломж олгосон Танд баярлалаа.

-Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авъя гээд зорьж ирж байгаа Updown.mn сайтын хамт олонд ч бас талархаж байгаагаа илэрхийлье.

-“Цагдаагийн алба хаагчдын сэтгэлийн хөдөлгөөний чадамжийг судалсан үр дүнгийн талаарх эрдэм шинжилгээний өгүүллийг “Боловсрол судлал сэтгүүлд” 2017 онд гаргасан байсан. Энэ шинжилгээ судалгаа анхаарал татсан юм. Цагдаагийн алба хаагч гэдэг бол нэлээн хариуцлагатай, нийгэмдээ чухал нөлөөтэй хүмүүсийн нэг. Судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаа бол энгийн л хүн. Харин тэдний иргэдтэй харилцах харилцаа хүнд ямар мэдрэмж өгч байна вэ гэдэг сонин. Цагдаа бол төрийн томоохон хүчний байгууллагуудын төлөөлөл. Нийгмийн хэв журмыг зохицуулдаг, иргэдийн амар амгалан байдлыг хамгаалах үүрэгтэй хүмүүс. Энэ утгаараа иргэд цагдаагаас тусламж хамгаалал хүлээж байдаг. Ийм учраас цагдаагийн алба хаагчийн зан байдал чухал нөлөөтэй.

Цагдаа харин иргэдийн тэр хүлээлтийг хэр зэрэг хангаж чаддаг вэ, тэд иргэдийн хамгаалагч нь болдог уу, үгүй юу. Энэ тал дээр иргэдэд төрж байгаа мэдрэмж бол нийгмийн сэтгэл зүй юм. Тэгэхээр цагдаагийн албан хаагчийн тухайн хүнтэй орж байгаа байгаа харилцаа хандлага нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхийн хувьд бол нөлөөлнө. Гэхдээ эерэг үү, сөрөг үү гэдэг нь субъектив шинжтэй юм.

Нийгмийн сэтгэл зүй бол өөрөө өргөн ойлголт. Цагдаагийн албан хаагчдын тухай ярьж байгаа бол нийгмийн сэтгэл зүйн нөлөөллийн асуудал хөндөгдөнө. Түүнээс биш ганц нэг цагдаагийн үйлдлээр нөлөөлөл ярих нь  үндэслэл муутай болно

-Таны цагдаагийн алба хаагчийн сэтгэл зүйг судалсан судалгааны гол зорилго нь юу байсан бэ?

-Цагдаагийн алба хаагчдын сэтгэлийн хөдөлгөөний чадамж, ер нь сэтгэлийн хөдөлгөөний чадамж их чухал асуудал. Ганц цагдаа ч гэхгүй, энэ бол хүн бүрийн асуудал. Ажил мэргэжлийн шугамаар л энэ судалгааг хийсэн юм. Судалгааг хувь хүн болон тэр хүний албан тушаал, ажилласан жил, тухайн хүний туршлага, тухайн байгууллагад эзэлж байгаа байр суурь, ажлын байран дахь албан тушаалтай нь холбож хийсэн. Тийм учраас цагдаагийн алба хаагчид гэсэн олон тоон дээр ярихдаа судалгаанд хамрагдсан  цагдаагийн албан хаагчдын хүрээнд ойлгох нь зөв юм.  Ер нь энэ бол судалгааг үндэсний хэмжээнд хийж байж, нийт цагдаагийн алба хаагчдын тухай дүгнэлт хийж болно. Харин нэгтгээд алба хаагчдын гэсэн томьёоллоор яривал бүхэл бүтэн институцийн асуудал яригдана.

-Цагдаагийн алба хаагчид бол ажлын ачаалал талаасаа ч, албан тушаал, цол хэргэмийн эрэмбэ талаасаа ч нэлээн хүнд дарамтад ажилладаг. Хүний сэтгэл зүйлд сайн муугаар хамгийн их нөлөөлдөг, ажлын чадамжид ч шууд хамааралтай зүйл юу байдаг вэ?

-Ямар ч хүний сэтгэл зүйд байгууллагын хамт олны уур амьсгал, удирдлагын арга барил, байгууллагын ёс зүй, ажлын үнэлгээ зэрэг тодорхой хүчин зүйлүүд нөлөөлдөг. Хамт олны уур амьсгал эерэг хандлага, ёс зүй, оюунлаг нөхцөл байдлууд бол алба хаагчдын бүтээмжид сайн нөлөө үзүүлдэг. Харин байгууллагын дарамт яригдаад эхлэхээр ажил таслалт, ажил солих хөдөлгөөн нэмэгдэх, тухайн байгууллагын бүтээмж буурах гэх мэт шинжүүд ажиглагдаад эхэлдэг.

Манай судалгаа дан ганц цагдаагийн хэлтсүүд дээр ч биш хилийн цэргийн ангиудад явагдсан. Хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн бол өөрийнхөөрөө байна гэхээс илүү дандаа онцгой байдалд, хатуу дүрэм журам, тогтсон шаардлагыг баримталж ажилладаг. Тангараг өргөдөг, тогтсон дэг журамтай байгууллагуудын алба хаагчдын сэтгэл зүйд гэрлэлт, ажилласан жил, өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал нөлөө үзүүлдэг. Ялангуяа гэрлэлт, гэр бүл бол тэдний сэтгэл зүй, амжилт бүтээл, ажилдаа тууштай хандах чадварт нэлээн нөлөө үзүүлсэн байдаг. Ажилласан жил бол бага зэрэг нөлөөлдөг. Сонирхолтой үр дүн бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх хандлага нь алба хаагчдын хувьд ялгаатай гарч байсан.

-Цагдаагийн алба хаагчдын гэр бүлийн байдал, гэр бүлээрээ томилолт дагаж явдаг, амьдралын тогтворгүй хэв маяг нь тэдний сэтгэл зүйд хэр нөлөөлдөг вэ?

– Үүнийг хүндээр ойлгож болохгүй. Жишээ нь гэр бүлийнхээ хүний томилолтыг дагаад нүүн шилжиж байгаа эхнэр, нөхрүүдэд тухайн очсон газар нь ажил олддоггүй. Хүүхэд нь сургуулиас сургууль дамжин шилжих гэх мэт хүндрэл цагдаа, цэргийн байгууллагад ажиллагсдын дунд үүсдэг. Амьдарч хэвшсэн газраасаа нүүнэ сууна гэдэг асуудал өөрөө ямар ч хүнд их бага хэмжээгээр дарамт өгч байдаг. Манай нийгмийн өнөөгийн байдал ямар байгаа билээ. Ажилгүйдэл ихтэй, ажил олдохгүй байгаа газар луу гэр бүлээ дагуулаад гарч байгаа хүний сэтгэл зүйд бас тийм таатай мэдрэмж төрөхгүй нь ойлгомжтой. Үүнийг л байгууллагуудын удирдлагууд давхар бодоод, боломжоороо шийдээд явах нь ажлын бүтээмжид, ажилтанд ч хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм.

-Манай нийгмийн сэтгэл зүйд хамгийн хүчтэй бас таатай биш нөлөө үзүүлж байгаа асуудал юу байдаг вэ. Сэтгэл зүйчийн хувьд та энэ талаар өөрийн гэсэн бодолтой явдаг байх гэж бодож байна?

-Нэг хүний үйлдлийг харсан хүмүүст бол тодорхой мэдрэмж л төрөөд өнгөрнө. Энэ бол нийтэд таатай, таагүй ямар нэгэн мэдрэмж бол очихгүй. Харин олон хүнд хүрч байгаа таатай, таагүй мэдээлэл нийгэмдээ нэлээн хүчтэй нөлөө үзүүлдэг. Нэг үгээр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээлэл нийгмийн сэтгэл зүйд нөлөөлнө гэсэн үг. Эндээс үйлдэл биш, харин тухайн үйлдлийг мэдээлж байгаа мэдээллийн өнгө аяс нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэсэн үг. Хамгийн гол нь тухайн мэдээлэл хэр баттай, нотолгоотой, үндэслэлтэй байна вэ гэдэг л чухал. Тэгэхээр ХМХ-үүд мэдээллийг тавихдаа нэг хүний үйлдлийг мэдээ болгон “ийм явдал болжээ”, “тийм хүн тэгж ээ” гэх байдлаар мэдээлэл өгнө үү гэхээс биш “Монголын нийгэмд ийм зүйл болоод байна”, “Тийм юм болоод байна” гэж ярих нь асар хор нөлөөтэй. Нэг хүн бүхэл бүтэн институцийг төлөөлөхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Хувь хүн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах гэдгийн дор сэтгэлийн хөдөлгөөнөө ойлгох дээр үндэслэх өөрийгөө ойлгох, бусдын сэтгэл зүйг ойлгох чадварууд дээр суурилсан нийлмэл шинжтэй. Удирдана гэдгийн дор өөрийн хариу үйлдлийн алсын үр дүнг ойлгож, бодож боловсруулна гэсэн үг. Энэ чадвар нт туршлагаар орж ирдэг. Ер нь бол сэтгэлийн хөдөлгөөн нь мэдрэмжийн гадаад илрэл ба мэдрэмж нь энгийн эерэг сөргөөс эхлээд дээд төвшний гэх оюунлаг, ёс зүйн, гоо зүйн үндэслэлтэй.

Н.ЦЭНДБАТ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close