БНСУ-д бүлэг халдвар авсан тохиолдол буурч, шинээр илэрсэн тохиолдлуудын халдвар авсан эх үүсвэр, маршрут зэргийг бүрэн тодорхойлж, өдөрт нэг оронтой тоо буюу 10-аас доош халдварын тохиолдол илэрч байгаа тул халдварын эрсдэл буурах хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газраас улсын хэмжээнд “нийгэмд зай барих” дэглэмийг сулруулан “ахуйн хүрээнд зай” барих дэглэмд шилжүүлэх шийдвэр гаргасан. Суугаа оронд 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цэцэрлэг, сургууль, зарим байгууллагыг хатуу хяналтын дор үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлж байна.
Монгол Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар вирусын тархалт намжих хүртэл Дипломат төлөөлөгчийн газруудын консулын үйлчилгээг шуудан болон цахимаар үзүүлэхээр шийдвэрлэсэн. Суугаа оронд 5 дугаар сарын 6-ны өдрөөс “ахуйн хүрээнд зай барих” дэглэмийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ЭСЯ-ны Консулын хэлтэст зайлшгүй өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай дараах үйлчилгээг 5 дугаар сарын 11-ний өдрийн Даваа гарагаас эхлэн урьдчилан олгосон цагийн дагуу үзүүлнэ.
Үүнд:
• Иргэний шинэчилсэн бүртгэл
/цахим үнэмлэх шинээр авах, сунгалт хийх, дахин авах/
• Банк, санхүү, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл,
• Монгол Улсын харъяат, иргэншлийн асуудал,
Анхаарах зүйл:
• Дээр дурдсан зайлшгүй биеэр ирж үйлчлүүлэхээс бусад төрлийн итгэмжлэл, нотариат, төрсний бүртгэл хийлгэх, гэрлэлт бүртгэл, гадаад паспорт захиалга, лавлагаа авах зэрэг үйлчилгээг дотоодын шуудан болон цахимаар үргэлжлүүлэн хүлээн авна. Иймээс зөвхөн зайлшгүй ирж үйлчлүүлэх шаардлагатай иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү.
• Үйлчилгээний дарааллын дугаарыг ЭСЯ-ны 02-798-1950 дугаарт холбогдож авах бөгөөд тухайн өдөр хүлээн авах иргэдийн нэрсийг Консулын хэлтсийн гадна байршуулна.
• ЭСЯ-ны Консулын хэлтэст бүлэг бөөгнөрөл үүсгэхгүйн тулд нэг дор 5-аас дээш иргэнийг дотогш нэвтрүүлэхгүй. Үйлчлүүлж буй иргэд “2 метрийн хувийн зай барьж” харилцах журмыг мөрдөхийг зөвлөж байна.
• Ирж буй иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, ариутгал хийсний дараагаар оруулна. 37,0 хэмээс дээш биеийн халуунтай иргэнийг нэвтрүүлэхгүй.
• Суугаа орноос хэсэг бүлгээрээ голомтлон халдварлах эрсдэл хэвээр байгааг анхааруулж байгаа тул нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахих нь зүйтэй. Гэнэтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдийг хүлээн авах шийдвэрийг цуцалж болзошгүй.
• Консулын хэлтсээр үйлчлүүлэх иргэд www.mongolembassy.com цахим хуудасны “консулын үйлчилгээ” цэснээс шаардагдах баримт бичгийн жагсаалттай танилцаж, хувийн бэлтгэлээ бүрэн хангах нь түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг олгодог болно.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ