Дэлхий дахинд үүсээд буй онцгой нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын агаарын тээвэр саатаад байгаа. Үүнээс шалтгаалан АНУ болон БНСУ-аас Монгол Улсад ирэх шуудангийн ачааг төмөр замаар буюу газрын тээврээр хүлээж авахаар болоод буй. Гэвч үүнтэй холбоотой зарим хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар “Улс хоорондын шуудангийн холбоо” ТББ -аас мэдээллээ.
Манай улсад ирж буй шуудан, илгээмж хотын гаалын талбай дээр бууж, сар орчим хэвийн олгогджээ. Гэвч Гаалийн ерөнхий газраас үүнд хориг тавьж, шуудангийн ачааг “Ди Эйч Эл Гэйтвэй” ХХК-ийн талбай руу татуулах чиглэл өгсөн аж. Энэ шийдвэр нь шуудан илгээмжийн байгууллагуудад дарамт үүсгэж, илүү зардал шаардагдахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Тодруулбал, Шуудангийн ачаа Монгол Улсын хилээр орж ирсний дараа дахин тээвэрлэлт хийгдэх үйл ажиллагааны хувьд хүндрэл бий болсон бөгөөд улс оронд онцгой дэглэм үйлчилж буй энэ цаг үед шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад дахин тээвэрлэлт хийлгэх эдийн засгийн бодит боломж байхгүй байгаа юм.
Коронавируст цар тахлын үед дэлхий дахинаа хийгдэж буй шуудан, олон улсын тээвэрлэлтийн зардал харьцангуй нэмэгдсэн. Энэ мэт зардлыг шуудан, илгээмжийн компаниуд үүрч, хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс үнэ, тарифт өөрчлөлт оруулалгүй үйлчилгээгээ үзүүлэн өдийг хүрчээ. Хэдийгээр тээвэрлэлтийн нөхцөл хүнд байгаа ч аль болох боломжтой арга, хэлбэрээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн үргэжлүүлсээр байгаа тухай тэд ярьж байна.
Түүнчлэн Монгол Улсын хилээр шуудангийн ачаа орж ирсний дараа ГЕГ төрийн хүнд суртал гаргаж, ачаа, тээвэр тодорхойгүй хугацаагаар саатах, гаалиас олгохгүй байх хүртэл арга хэмжээг авч эхэлсэнд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.
“Гаалийн ерөнхий газраас тавьж буй шаардлага, нөхцлийг хүлээн зөвшөөрвөл шуудангийн үнэ нэмэгдэх, хэрэглэгчид илүү зардал гаргах гэх мэт бодит дарамт үүсэх нөхцлийг бүрдэх аж”
Шуудан илгээмжийн байгууллагууд нь үнэ, ханшаа тогтвотой байлгах үүднээс 10 гаруй хоног шат шатны байгууллагад хандаад байгаа юм байна. Тэдний зүгээс ШӨХТГ, АТГ, ОБЕГ болон Гаалийн ерөнхий газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөөд буй эл нөхцөлд тодорхой хариу өгөөгүй байна.
“Улс хоорондын шуудангийн холбоо” ТББ-аас Гаалийн ерөнхий газарт үндсэн ГУРВАН ШААРДЛАГА хүргүүлсэн байна.
үнд:
1. Түүвэр ачаагаар орж ирсэн ачааг зохих журмын дагуу бүрдүүлэлт хийж, шуудангийн гаалийг томилж үзүүлэх,
2. Цар тахалтай холбоотой онцгой дэглэмийн үед үйл ажиллагаа урт хугацаанд үргэжлэх тул газрын шуудангийн гаалийн бүрдүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх,
3. Газрын терминаль дээр шуудангийн гаалийн бүрдүүлэлтийг хийх нөхцөл боломжоор хангаж өгөх.
Гаалийн ерөнхий газраас тавьж байгаа шаардлагыг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж тэд үзэж байна.
Тодруулбал, “DHL” гэх хувийн компаниар ачаагаа авах тухай албан шахалтыг тэдэнд хүргүүлжээ. “DHL” компанийн зүгээс нэмэлт төлбөр шаардаж байгаа бөгөөд уг үйлдлийг “Улс хоорондын шуудангийн холбоо”-ноос монополийг дэмжсэн, нэг компанийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа гэж үзэж буй аж.
Б.ИРЭЭДҮЙ