Дэлхийн аялал жуулчлалын томоохон бүс Тайланд Улсад тахлын улмаас жуулчдын тоо цөөрч, эдийн засгийн хямралд орж эхэлжээ. Энэ улсын эдийн засгийн 20 хувийг аялал жуулчлал бүрдүүлдэг. Заан сургагч, хөтөч нар хямралд илүү өртөж байгааг тус улсын хэвлэлүүд онцолсон байна.
2020 оны судалгаагаар Тайланд Улс нь аялахад хамгийн тохиромжтой 10 улсын нэгд багтсан. Энэ улс нэг жилд 30-50 сая орчим жуулчид хүлээн авдаг. Тайланд Улсыг зорих жуулчдын дийлэнх хувь нь заан унах хүсэлтэй байдаг. Харамсалтай нь цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн болоод албан байгууллагууд эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм. Тодруулбал, заан сургагчид энэ хямралд илүү өртөж байгаа тухай Тайландын хэвлэлүүд онцолсон байна. Сурин мужид гурван заан эзэмшдэг хөтөч Ри Сарангхам аялал жуулчлал зогссон учраас ямар ч орлогогүй болсон тухай эх сурвалжид мэдээлжээ. Тэрээр ярилцлагадаа
“Сүүлийн хэдэн долоо хоногт нэг ч жуулчин хүлээж аваагүй учраас заанд өгөх хоолоо хямдхан наргил модны навчаар сольсон”
хэмээн ярьсан байна. Сүнхла мужийн Хат Яй дүүрэгт ч мөн ийм хямрал нүүрлээд байгаа юм. Тухайлбал 12 заан эзэмшдэг байгууллагад зааны тэжээлийн нөөц хомсдож, хүнс бэлтгэх мөнгөгүй болсон байгаа юм. Энэ байдлыг мэдсэн Сүнхла мужийн мал аж ахуйн албанаас 3.2 тонн өвс хандивлажээ.