УИХ-ын чуулганы өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүний боловсруулсан уг төсөл нь өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын тухай хуулийг нийцүүлэх зорилготой.
Энэ хүрээнд хуулийн төсөлд УИХ-ын зорилт, чиг үүрэг, бие даасан байдлыг хангах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын даргыг сонгох, чөлөөлөх, УИХ-аар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хуулийг эцэслэн батлах, санал хураалт явуулах зарчмыг шинэчлэх, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхойлжээ.
Түүнчлэн чуулганаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм.
УИХ 2007 онд уг хуулийг баталснаас хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Тиймээс өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд уг хуулийг нийцүүлж, шинэчлэн найруулсан байна.
Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр УИХ-ын анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр тусгажээ.
Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах, нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах, холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах, Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгажээ.