Нэвтрэхийг хориглосон туузаар хашаа, үүдний амбаарыг нь битүүмжилж, өрхийг нь бүтээсэн гэр холоос дүнсийнэ. Ойртоод очвол угааж, тохсон хүүхдийн хувцас, ванн, усны сав нь газар хөглөрч, цаанаа л эвгүй, нуруугаар хүйт даах. Хүн орж болох бүх гарц, хаалгыг цагдаагийнхан битүүмжилсэн тэр гэр бол гурван хүүхдээ, эхнэрийнхээ хамт хэрцгийгээр хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн гэх талийгаач залуугийнх.
Согтуугаар гэр бүлээ хүчирхийлж байх үед нь 16 настай дагавар охин нь ам мөлтөс зугтаан гарч, цагдаад дуудлага өгсөн тухай мэдээлэл бий. Уг хэргийн талаар Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэст өнгөрөгч Ням гаригийн шөнө буюу /2017.05.22/-ны 02.00 цагийн орчимд 16 настай охиноос нь гадна хөршүүд нь дуудлага өгчээ. Цагдаагийнхан хэргийн газарт очиход нэг гэр бүлийн таван хүн амьсгал хураасан байжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул гэрийн эзэн гэх талийгаач залууг эхнэр, хүүхдээ хөнөөсөн гэж дүгнэж болохгүйг цагдаагийнхан тайлбарлалаа.
Хэргийн газар дээр дүүргийн цагдаа нар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, шинжээч, прокурор, хөндлөнгийн гэрчүүд 10 цаг гаруй ажиллажээ. Ингээд гэмт хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтыг цуглуулж, талийгаачдын гэр, хашааг битүүмжилсэн байна. Мөн бүх цогцост задлан хийж, гаднын нөлөөтэй эсэхийг нотлохоор хуулийнхан шинжилж буй аж.
Хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын явцад онц ноцтой уг хэргийг гаднын нөлөөтэй үйлдсэн байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарсныг СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаан ярилаа. Тэрбээр “Хэргийн цор ганц гэрч, 16 настай охиныг хамгаалалтад авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгээ хэлэв. Талийгаач 39 настай Х нь согтуугаар дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхэд, мөн 39 настай эхнэрээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан шалтгаанаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай аж.
ТАЛИЙГААЧИД НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ТҮР ОРШИН СУУГЧААР НҮҮЖ ИРЖЭЭ
Бор дарсанд согтуурхсандаа талийгаач Х нь эхнэр, хүүхдүүдээ хүчирхийлж, улмаар хөнөөсөн үү? Удаа дараагийн хүчирхийлэл үйлддэг байсан бол таслан зогсоогоогүй нь ийм байдалд хүргэв үү?
Хэрэв тийм бол энэ гэр бүлд хүчирхийлэл байнга гардаг байхад хөршүүд, хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаа нар мэдээгүй өнгөрдөг байв уу? Хариултгүй хоцорсон олон асуултыг СХД-ийн 26 дүгээр хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг болоод нийгмийн ажилтан н.Сампилноров нарт тавьж, тодорхой тайлбар авахыг хүссэн ч ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэнгүй. Тэд яриа өгөхөөс татгалзаад, онц ноцтой аллагын талаар нийтэд мэдээлэхгүй байхыг шаардсан юм. Мөн тэдний хэлснээр тухайн гэр бүлд өмнө нь ямар нэгэн хүчирхийлэл гарч, тийм дуудлага хороонд ирж байгаагүй гэнэ. Харьяа хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан нар нь аллагын талаар өглөө нь сонсож, хэргийн газарт очжээ. Өмнө нь энэ айлд Засаг дарга Э.Ууганцэцэг, нийгмийн ажилтан н.Сампилноров нарын хэн ч нь ч очиж байгаагүй гэнэ. Тэдний өгсөн мэдээллээр, талийгаачид нь нэг жилийн өмнө Ховд аймгийн Булган сумаас 26 дугаар хорооны Нарангийн энгэрийн Задгай гэх газрын 39 дүгээр гудамжинд байрлах айлын хашаанд түр оршин суухаар нүүж ирсэн аж. Болсон хэрэг явдлыг сонссон талийгаачдын ах дүү нар Ховд аймгаас нийслэл рүү гарчээ.
ТАЛИЙГААЧ ЭМЭГТЭЙ ТҮК-Д АЖИЛЛАДАГ БАЙЖЭЭ
Талийгаач эмэгтэй Нарангийн энгэрийн хогийн пүү, захиргаа хоорондын автомашины замын үйлчлэгч байсан бөгөөд хамт олон нь хэргийг өнгөрсөн Даваа гаригт /2017.05.22/ мэджээ. Өөрийгөө байгууллагынх нь дарга гэж танилцуулсан дунд зэргийн нуруутай, 40 орчим насны эрэгтэй талийгаачийг өнгөрсөн есдүгээр сард ажилд орсон, амьдрахын төлөө үнэнчээр ажилладаг байсныг дурдаад өмнө нь нөхөртөө зодуулж, ил харагдахаар шарх, сорвитой ажилдаа ирсэн тохиолдол байгаагүйг дуулгалаа. Тэрбээр ‘Гэнэт ийм мэдээ сонсоод цочирдоод байж байна. Ар гэрийнхэн нь ирэхээр уулзаж, ажил явдалд нь бага ч болтугай тусалмаар байна” гэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдсэнээр айл гэр, хөршийнд, цоожтой хаалганы цаана болж буй хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон хүн бүхэн тухайн гэмт хэргийг хуулийнханд мэдээлэх үүрэгтэй болсныг СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаан анхааруулав.
Эх сурвалж: Д.Уламбаяр
Зураглаач Н.Батмөнх
http://www.news.mn/c/2?id=1012
5 comments
Yamar teneg amitan be?
Arhind tolgoigoo meduulsen zaluuchuud mash ih bnaa. yeruusuul arhind jivchij 10jil oyuntan suragch ajiltan angi ajilguicherd bugd arhichinboljee
Новшнууд архи уухаараа хуухэд ална гээд дайрдаг. Боловсрол нас ажил нийгмийн даварга хамаардаггуй муухай новшийн архичид архиндаа хордож ухэж далд орцгоовол таарна
Horoonii niigmiin ajiltan. Hajuu hashaanii ail hurshvvdiin burui. Dvvrgiin ger bvl hariutssan mal. Tsagdaagiim ger bvliin
Hvchirhiilliin mergejiltniig shalgaj ajlaas n hal
ӨӨР ХЭН НЭГНИЙ НӨЛӨӨ БАЙХ ВИ ДЭ.ХАМТ АРХИ УУЖ БАЙГААД ГЭР БҮЛЭЭР НЬ УСТГАЧААД МУУ ААВД НЬ ХЭРГИЙН ТОХЧИХОН ЮМ БИШ БАЙГАА?