УИХ-ын гишүүнээр хэнийг сонгох вэ? Энэ талаар иргэд сонгогчид нэлээн бодох цаг тулж ирлээ. Бөх, дуучин, яруу найрагч, тендерчин захирал, нам дагасан цүнх баригчдын армиас нэг их юм хүлээх хэрэггүйг өнгөрсөн он жилүүд харуулсан.
УИХ-ын 76 гишүүний гол хийх ажил хууль батлах, бодлого хэрэгжүүлэх. Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох юм. Бичиг цаас нухаж сурсан, бодлогын түвшинд ажиллаж чадах хүмүүсийг УИХ-д оруулж ирэхгүй бол 4 жилийг бараг л гишүүн болох дамжаа дүүргэх байдлаар үдэж байна.
Орой зурагтаа асаах тоолонд суваг бүрээр ёс зүйн хувьд доголдолтой, мэдлэг чадвар сул, улс орноо хөгжүүлэх сэтгэлгүй улстөрчид юу ч хамаагүй ярьж, эх оронч дүр эсгэж байгаа. Хуурамч эх орончдыг улс төрийн тайзнаас буулгаж, оронд нь мэдлэг, боловсролтой, хийж бүтээх тэмүүлэлтэй залуусаа дэмжих хандлага нийгэмд бий болоод байгаа. Сонгогчид ч ийм залуусаа УИХ-д сонгохыг эрмэлдзэг болсон. Бид өмнө нь “УИХ-д сонгож болох залуу хуульчид”-ыг нэрлэж байсан бол энэ удаа УИХ-д сонгож болох залуу эдийн засагчдын төлөөллийг тоймлон хүргэж байна.
Эдийн засагч Б.Бямбасайхан манай улсын урагшаа яваа бүхий л төсөл хөтөлбөрийг гардан ажиллаж ирсэн. Улстөржилтөөс ангид, зарчимтай, асуудалд бодитой ханддаг. Тэрээр ажлаа зүтгүүлэхийн тулд олон ч улстөрчийн дургүйцлийг төрүүлж занаанд нь өртсөн гэдэг. Б.Бямбасайхан манай улсын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажилласан. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн, Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүдэд ажилласан, Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн гэх мэтээр дурдвал хийсэн ажил ихтэй.
Эдийн засгийн реформ, шинэчлэл рүү зорьдог. Эзэмшсэн боловсрол ч өндөр. Жорж Вашингтоны их сургуулийг төгссөн. Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист ажиллаж байсан. Эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулж байв. “Монголын бизнесийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-д нь ажилладаг. Уул уурхай дээр голлосон хамгийн үнэ цэнтэй баялгуудыг нэг дор нэгтгэж, санхүүгийн болон бизнесийн зөв сайн менежментээр удирдахад Б.Бямбасайхан гол тулгуур болно.
МУИС-ийн багш, судлаач, эдийн засагч доктор, профессор Б.Отгонтөгс судалгаагаар дагнасан, гадны их сургуульд зочин багшаар ажилладаг толгой эдийн засагчдын нэг. Түүний эзэмшсэн боловсролыг дурдахад л Москвагийн их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалавр, Манчестрийн Их сургуульд эдийн засгийн ухааны магистр, Колумбийн их сургуулийн боловсролын эдийн засгийн доктор гээд цаашаа хөвөрнө.
Дэлхийн сайн туршлагыг Монголд амжилттай авчрах, дэлхийтэй хөл нийлэх гарцыг Б.Отгонтөгс нээнэ. Тэрээр багшийн хувьд сүүлийн үеийн хамгийн сайн эдийн засагч нарыг “төрүүлж” буй үйлдвэрлэгч. “Жинхэнэ ждү зээл” акц өрнүүлж ждү хулгайчидтай тэмцэхдээ “бээлийн чинээ охин” гэсэн нэр зүүсэн.
Судлаач, эдийн засагч Б.Отгочулуу боловсролтой шинэ үеийн төлөөллийн нэг. Тэрээр эдийн засгийн асуудалд төв голч байр сууринаа ханддаг. Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, “ХАС” банк, “Эрдэнэс Монгол” ХХК, “Оюу толгой”, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байв. Эдийн засаг, бизнес, менежментийн чиглэлээр мэргэжлийн болон эрдэм шинжилгээний ажлуудад нухлуулсан.
Боловсролын тухайд Германы Дрездений их сургууль, Франкфуртын их сургуулийг төгссөн. “Z үеийнхэн, сайныг өвлөж, саарыг өөрчлөх нь” номын зохиолч Б.Отгочулуу нь ном бичсэн шалтгаанаа “Z үеийнхэнд дахин сонгогдохыг хүссэн популист улс төрч Z үеийнхний ирээдүйг золиослон байж “улс төр хийдэг” гэдгийг ойлгоосой” гэдгийг илэрхийлэхийг зорьсон гэж онцолсон байдаг.
“Голомт” банкаар овоглогдсон Ө.Ганзориг УИХ-д зайлшгүй байх эдийн засагчдын нэг. 25 насандаа Улаанбаатар хотын банкны дэд захирлын албыг хашсан “Голомт”-оор овоглогдсон Ө.Ганзориг 22 жил санхүү эдийн засгийн салбарт ажиллажээ. Залуу хүн гэхэд хийж бүтээсэн нь их туршлага арвин. Одоо боловсролын реформ шинэчлэлд ханцуй шамлан гар бие оролцож яваа. Банк, санхүү төсөв бодлого дээр бодит гаргалгаа, санаачилга гаргаж манлайллаа бий болгосон түүнийг УИХ-д байж болох хүний нэгд нэрлэж болно.
УИХ-ын гишүүн асан Батын Батбаатарын эхлүүлсэн гол хуулийн төслүүд хожмоо дандаа хэрэгжиж, ард түмэнд үр өгөөжөө өгсөн байдаг. Тухайлбал, “Таван толгой”-г 7 хүн хувьдаа авчихсан байсныг Монголын ард түмэнд авчрах санаачилгыг анх эхлүүлж байв. Одоо “Таван толгой”-н ногдол ашиг, үр шимийг хүртэж буй монголчууд түүнд талархах биз ээ. Тэрээр ил гарч ирэн би, би гэж цээжээ дэлдээд байдаггүй. “Хүүхдийн мөнгө” хуулийн төслийн анхны автор гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй байх. Мөрийн хөтөлбөр гэж мөрөөдлийн жагсаалт биш гэдгийг анх ил тод зарласан.
2004-2008 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа эдийн засгийн гол хөтөлбөр төслүүд дээр ажиллаж, өнөөг хүртэл хэрэгжиж буй хэд хэдэн гол хуулийн автор болсон байдаг ч тэр дандаа хөшигний ард үлдэж, олны өмнө өөрийгөө рекламдаагүй үлдсэн байдаг. Б.Батбаатар гэр хорооллын газар үнэтэй байх анхны санамжийг өгсөн. Хашааны газрыг өрхөд бус иргэнд өмчлүүлэх, газрын үнэ цэнийг тогтоох түүний санаачилга нь алхам алхмаар ажил хэрэг болж л явна.
Б.Батбаатар бол хэлэх үгээ эрс шулуухан хэлж үзэл бодол үйл хэргээсээ ухардаггүй. Түүний улс төрийн түүхээс ч харахад томоохон лидерүүдтэй ихэвчлэн зөрчилдсөн байдаг. Түүний мэргэжил эдийн засагч, хуульч. Б.Батбаатарын хувьд улс төрийн халуун тогоонд “чанагдсан”, УИХ-д хууль батлалцаж явсан, улс төр, эдийн засгийн амин чухал асуудлууд зөв шийдвэр гаргах хүн.
Дэлхийн банкны зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан Н.Энхбаяр жин дарах эдийн засагчдын нэг мөн. Тэрээр Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлын зөвлөхөөр ажилласан. Гадаад улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг анзаарч Монголын эдийн засагт үүсэх эерэг, сөрөг үр дагаврыг тогтмол бичиж сануулдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөхөөрөө урьж ажиллуулсан байдаг боловч үзэл бодол нийлэхгүй улс төрийн өнцгөөс эдийн засгийг харахгүй гэх шалтгаанаар зөвлөхийн ажлаа сайн дураараа тэрээр өгсөн байдаг. Н.Энхбаяр шиг “сайн толгой”-г төр ашиглах л хэрэгтэй.
Мөн Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн эдийн засагч Б.Дөлгөөний байр суурийг сүүлийн үед их анхаарч сонсдог болжээ. Нийгэм, эдийн засгийн асуудал дээр нарийн тооцоо судалгаатайгаар байр суурь, зөвлөмжөө идэвхтэй илэрхийлчихдэг. Тэрээр Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал”, Томас Фридманы “Халуун, Хавтгай, Хавчигдмал Дэлхий” зэрэг номуудыг орчуулж гаргасан. Санхүү, эдийн засгийн салбарт 10 гаруй жил ажилласан, залуу хүн гэхэд жин дарах хүний нэгд тооцогдохуйц болжээ.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргаар ажиллаж байсан эдийн засагч Ч.Хашчулууны байр суурийг анхаарахгүй байхын аргагүй. Шинэтгэлийн хороонд реформ хийж чадсан П.Хашчулуун, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми нарыг УИХ-д бодлого тодорхойлоход зайлшгүй оролцуулах л хэрэгтэй. Шийдвэр гаргах түвшинд Б.Лакшми шиг бүсгүйчүүдийн дуу хоолой дутагдаж байна.
Н.ЦЭНДБАТ