Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.05.04/ 16:00 цагт Төрийн ордонд хуралдаж эхэллээ.
Хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар шийдвэр гаргах юм. Тэгвэл яг одоо Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр болоод байна.
Өнөөдрийн байдлаар 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төвүүд нь Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараатай нээгдэх юм. Одоогоор анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.
Сургалтын төвүүд нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.
- Биеийн халуун үзэх
- Амны хаалт зүүх
- Аль болох цахим сургалт хийх
- Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
- Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
- Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
- Хоёр цаг тутамд агаар сэлгэх
- Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
- Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
- Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
- Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
- Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
- Анги танхимд хооллохгүй байх
- Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
- Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
- Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх