УИХ дахь АН-ын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус зөвлөлийн дарга Л.Эрдэнэбат “Энэ долоо хоногт гол хэлэлцэгдэх хуулиуд бол УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулиуд юм. Эдгээр хуулиуд энэ долоо хоногт хэлэлцэгдэж дуусах юм шиг байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцсэн хууль батлах нь зарчмын асуудал.
УИХ-ын тухай хуулийн төсөлд бид зарчмын зөрүүтэй санал оруулсан. УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлага алдсан тохиолдолд тойргийнх нь гишүүд эгүүлэн татдаг болох санал оруулсан ч дэмжигдсэнгүй.
Чуулганы дэгийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ хуулиар УИХ-ын дарга болон гишүүдийн эрх, үүргийг нарийн зааглах гэж оролдсон. УИХ-д орж ирж байгаа хуулийг хэлэлцэхдээ гишүүдэд нээлттэй хэлэлцэх эрхийг нь нээж өгөх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн үе шатыг өөрчлөхгүй бол хэлэлцүүлгийн гурван шатыг гишүүд хайнга ханддаг. Зарим гишүүн хуультайгаа ч танилцаж амжаагүй, кнопоо хүчээр дардаг. Тиймээс мэтгэлцээний хэлэлцүүлэг хийе гэсэн санал гаргаж байгаа.
Мөн Засгийн газрын тухай хуулийг хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан Засгийн газрын бүрэн эрх Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хэрэгжих ёстой. Гэхдээ бид Засгийн газар огцрох ёстой гэж үзэхгүй байгаа. Харин Үндсэн хуульд нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага бий.
Өөрөөр хэлбэл, 16 давхар дээлийг тайлж дөрвөн гишүүн давхар дээлтэй байх ёстой болно. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуультай ижил гэж зарим хуульч тайлбарлаад байгаа. Үнэндээ Үндсэн хуультай адилтгах зүйл байхгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-наас өмнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах ёстой. Хэрвээ өөрчлөхгүй бол энэ Засгийн газар чадамжгүй болно. Одоо хэлэлцэгдэж байгаа Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацаа нээлттэй орж ирж байгаа. АН-ын зөвлөлөөс энэ хуулийн хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25-н гэж зарчмын зөрүүтэй санал оруулж, санал хураалгана. Энэ санал хураалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх үү, үгүй юү гэдэг тодорхой болно.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэг зүйлийг анхаарахгүй бол болохгүй байна. АН-ын бүлгээс тариалалт оройтох вий, үрийн будаа тасрах вий гэж анхааруулж байсан. Засгийн газар сарын өмнөөс тариаланч болон ногоочдод 150 тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Энэ асуудлаа яаравчлахгүй бол ургац оройтлоо. Коронавирустэй холбогдуулаад үрийн будаа дутах вий, намар хүнсний хомстолд орох вий. Энэ жил үрийн будаа 10 мянган тонноор дутна. Энэ нь манай улсад 100 мянган га-д ургацаа бага тарих эрсдэл үүссэн байна.
Мөн нүүрсний экспортын тухайд орлого нэмэгдэхгүй хэвээр байна. Эхний улиралд орлого, санхүүжилт нэг их наядаар тасарч байна. Энэ их амласан бэлэн мөнгө хаанаас гаргах юм бэ. Хоосон амлалтад итгэсээр байтал ард иргэдийн амьдрал сөхөрч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тавдугаар сарын 25-наас шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлнэ. УИХ сонгуулийн жил учраас чадамжгүй боллоо гэсэн үг. Харин Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ солих ёстой. Гэтэл Үндсэн хууль хэрэгжихээс өмнө УИХ-ын чуулганыг завсарлуулах гэж байна. Үндэслэл нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг солих субьектгүй болгоод, хуулиас зугтаж байна.
Шүүх хараат бус байна гэж тохирсон. Ингэхийн тулд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг Хууль зүйн сайд санал болгоно гэж байгаа. Үндсэн хуульд огт ийм заалт байхгүй. Манай хууль зүйн сайд өөрөө хулгайч, 22 жил хууль хулгай хийсэн. Шинэ МАНАН-гийн шинэ хонгил гэмт хэргээ нуун дарагдуулах гэж байна.
Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор арваннэгдүгээр сарын 4-6-нд шилжих шөнө 200 орчим тонн ачаа хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна. Энэ долоон машинд паспортыг нь сольж өгсөн байна. Цагдаа, тагнуул ажиллахгүй байна. Эднийг яаралтай солимоор байна. Хулгай бүр хэтэрлээ. Хулгайч нар нам байгуулсан байна. Шүүхийн тухай хуулийг энэ хэвээр нь баталбал шинэ Үндсэн хуулиа зөрчинө. Ингэх юм бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад нэмэргүй” хэмээв.