УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн бичиг баримт болох “Алсын хараа 2050 хөтөлбөр”-ийг хэлэлцжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулиас өмнө “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг батлах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгууллаа. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж санал нэгдсэн” гэв.
Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-МАН сонгуульд горилогчдоос судалгааны мөнгө авсан гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?
-МАН нэр дэвшигчдээсээ зохион байгуулалттайгаар хандив, судалгааны мөнгө аваагүй.
-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?
-Хуулийн дагуу энэ сарын 10-16-ны хооронд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулна. Манай намын Бага хурал энэ сарын 15-16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д янз бүрийн хагарал байхгүй.
-Сонгууль явуулах зардал нэмэгдэх тооцоо гарсан гэсэн. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэгдэх зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Ийм нөхцөлд сурталчилгаа хэрхэн явуулах, иргэд хэрхэн санал өгөх вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.
-Сонгуулийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?
-СЕХ-ны боловсруулсан төсөлд дөрвөн тэрбум гэж тусгасан .