Хойд Солонгосын Рянганг аймгийн Тэхонгдан мужид COVID-19 тархах вий гэсэн болгоомжлол үүсч эхэллээ гэж Daily NK мэдээлжээ. Сүүлийн үед тус мужид 38-40 хэм хүртэл халуурч байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн бөгөөд 4-р сарын 27-ноос байдал маш ноцтой болж 21 хүн нас бараад байна гэж уг мэдээнд өгүүлжээ.
Үүнээс өмнө энд халуурч, өвчилсөн хүн байсан талаар огт мэдэгдээгүй. Гэхдээ үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна гэж тус сонинд өгүүлсэн эх сурвалж мэдээлжээ.
Хойд Солонгост 37.5 хэмээс дээш хүрч, 2-3 өдөр үргэлжлэн халуурах өвчнийг ёолбёонг гэдэг бөгөөд ихэвчлэн вируст эсвэл бактерийн халдвараас үүдэлтэй гэж үздэг байна. Иргэд олноороо халуурч байгааг эрх баригчид нь ёолбёонг хэмээн нэрлэж байгаа ч өвчтнүүдэд халуун буулгахад хэрэглэдэг эм өгсөн ч үр дүн гарахгүй байна гэжээ.
Мөн эх сурвалж энэ нь Рянганг мужийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудыг түгшээж, өвчний тархалт үргэлжлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа ч холбогдох байгууллагууд өнөөг хүртэл зохих арга хэмжээ аваагүй байна гэж нэмж хэлсэн байна.
Техонгдан муж нь Хойд Солонгосын Хятадтай маш ойрхон хил залгаа муж. Үүгээр олон тооны иргэд хуулийн дагуу ба хууль бусаар дамжин өнгөрдөг. Тиймээс өвчилсөн хүмүүс COVID-19 халдвар авсан байх магадлалтай. COVID-19 халдварыг Хятад-Хойд Солонгосын хилийн хоригийг үл тоосон хууль бус наймаачид дамжуулж байж магадгүй гэж орон нутгийн иргэд үзэж байгаа аж. Ийм хардлага иргэдийн дунд хурдан тархаж байгаа гэж эх сурвалж өгүүлсэн байна. Хойд Солонгос Улс өнөөдрийг хүртэл COVID-19 халдварын тохиолдол гараагүй гэж мэдэгдсээр байгаа билээ.
Эх сурвалж: Daily NK