УИХ-ынн дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Музейн тухай хуулийн төслийг УИХ-ынн гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өргөн барилаа.
Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр музейн тодорхой үйл ажиллагааг тухайлан зохицуулдаг.
Эдгээр хууль, эрх зүйн баримт бичиг нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна.
Ялангуяа музейн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдаатай байдаг байгаль, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль, тогтоомжийг шинэчлэлийн хүрээнд музейн үйл ажиллагааны асуудлыг тусгаагүй улмаас музейн нийгмийн хөгжил дэх оролцоог хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодит бэрхшээл учирч байгааг төслийн танилцуулгад дурджээ.
Иймээс Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тоггвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэхзэр хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Мөн соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хзгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрзэ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь болох ач холбогдолтой гэжээ.
Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах, Онцгой байдлын, Цагдаагийн, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн, Археологийн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн, Хөдөө аж ахуйн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний, Улаанбаатар болон “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим, Олон улсын оюун ухааны, “Данзанравжаа”, Монголын Уламжлалт Анагаах Ухааны, Чингис хааны өв соёлын, Хэлмэгдэгсдийн дурсгалын, Монгол костюмс, Цагаандариум музейнүүд болон галерей ззрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.