ТББ-ууд, хүний эрхийг хамгаалагчид томоохон түгшүүр зарлажээ. Учир нь Африк, Ази, Ойрхи Дорнодын орнуудаас Европын холбоонд орсон дүрвэгч 10 мянга гаруй хүүхэд Европт уусаад сураггүй алга болцгоожээ. Үүнийг статистикийн алдаа гарсан байх гэж сэжиглэж болох ч үнэндээ энд боолын худалдаа, хүүхдийн биеийг үнэлэх, эрхтний худалдаа зэрэг илүү аймшигтай үнэн ард нь нуугдаж байгаа гэнэ.
Европт буй дүрвэгсдийн хүндхэн амьдрал, хүүхдүүд тасралтгүй ийшээ ирж байгаа тухай өч төчнөөн ярьдаг. Хүүхдүүдийн гунигтай том нүд европчуудын сэтгэл зүрхийг ч хөндөж, тэд цөөн хэдэн евро илүүчилж байгаа тухай гардаг. Эдгээр хүүхэд дараа нь юу болох бол гэдэгт тэд харин санаа зовдоггүй аж.
Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн намар Европолоос цагаачлалын хямралын үед Европын холбооны газар нутагт 10 мянга гаруй дүрвэгч хүүхэд алга болсон тухай мэдэгджээ. Энэ явдал Балканы шигүү ойд бус, хамгийн аюулгүй гэгдэх Европын орнуудад гарсан юм. Энэ үзүүлэлтээрээ Герман тэргүүлж байгаа бол Итали, Англид ч цөөнгүй хүүхэд алга болжээ. Цагдаагийн газрын төлөөлөгчид эдгээр хүүхдүүдийн зарим нь түр орогнуулах төвөөс зугтаж, өдгөө Европт бичиг баримтгүй зугаацаж яваа гэж мэдэгдсэн байна. Гэвч хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар эдгээр хүүхэд мөлжлөгт өртөж, гэмт хэрэг хийхээс өөр аргагүй болсон бөгөөд төр засаг ч нүдээ аньж, алга болсон хүүхдүүдийг тоог дарж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд Европын холбоонд жил бүр 100 мянгаас доошгүй тооны хүүхэд харгалзах хүнгүйгээр орж ирж байна. Эдгээрийн 90 орчим хувь нь хөвгүүд аж. Түүнчлэн талаас илүү хувь нь Афганистанаас иржээ. Бас тэдний олонхийг эцэг эхчүүд нь ганцааранг нь Европ руу явуулсан байна.
Хүүхдүүдийн ярианаас хууль бус наймаа эрхлэгчдийн бизнесийн талаар төвөггүйхэн мэдэж болно. Дундаж сири, эсвэл афган гэр бүлүүдэд хүүхдүүдээ Европ руу шууд явуулах мөнгө байдаггүй. Тиймээс ч тэд 1.5-2 мянган ам.долларыг хууль бус хил давуулагчдад өгч байж, ганц хүүхдээ ч болов Европ руу гаргадаг аж. Эдгээр хүүхдүүд нь ихэвчлэн 14-16 насныхан. Хүүхдийн гол зорилго бол ямар ч хамаагүй аргаар Европт байгаа холын хамаатан дээрээ очиж, шинэ газар баримт бичиг бүрдүүлэд “Гэр бүлийг дахин нэгтгэх” хөтөлбөрөөр эцэг эх, ах дүү нараа татах явдал байдаг.
Нэг талаас үзэхэд хүүхэд хүлээн авагч талаараа цуцлах ёстой. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрийгөө авч явах хэмжээний хангалттай биеэ даасан гэж үздэг байна. Үүн дээр нэмэгдээд Европ руу дүрвэх нь цэргийн албанаас зугтах хамгийн шилдэг арга гэжээ.
Хууль бусаар хил гаргагчдын хувьд мөнгөө шууд гар дээрээ авдаггүй. Тохиролцсон мөнгөө ойролцоох дэлгүүр, мөнгө солих цэгт хадгалуулна. Хэрвээ хүүхэд хил давж чадалгүй, буцаж ирвэл эцэг эх нь мөнгөө эргүүлэн авдаг аж. Харин бүх зүйл амжилттай болбол мөнгийг хууль бусаар хил давуулагчид авна. Стамбул, Измир зэрэг хотууд Европын холбооны нутаг руу хүн оруулах бизнесийн гол төв болжээ. Энэхүү хууль бус бизнес жилд 5-6 тэрбум еврогоор үнэлэгддэг нь хар тамхины худалдааны ашгаас ч дутахааргүй аж.
Э.МӨНХЗАЯА