Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2020.04.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, С.Баатаржав, Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Нэр дэвшигч Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, төрийн албанд 18 дахь жилдээ ажиллаж байгаа аж. 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Опон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн. 2001-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт шинжээч, референт, зөвлөх, ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодпогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018 оноос өнөөг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байгаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, сонгуулийн үеэр улс төрөөс хараат бус байж, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хэчнээн иргэд, сонгогч шилжилт хөдөлгөөн хийснийг тодруулсан.
Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр зохицуулагдаж байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хариултдаа тодотгоод иргэний шилжилт хөдөлгөөнийг хуульд заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 01-нээс зогсоосон. Жил бүрийн нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэний шилжилт хөдөлгөөн дунджаар 16-18 мянга байсан бол 2020 оны эхээр 35-40 мянга хүрч ихэссэн гэж байлаа.
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандорж нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн байна.