УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.28) хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүнээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Иймд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс төслийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг “40.4.Засгийн газар төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг бууруулахгүйгээр улсын төсвийн төсөлд тусгаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.