Хятадын зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэй коронавирусын тахал нь авторитар дэглэмийн сүр хүчийг гайхуулсан бол эсрэгээрээ ардчилсан тогтолцооны сул талыг харуулсан хэмээн дүгнэжээ.
Хятадын эрх баригчид болон коммунист дэглэмийг шүүмжилдэг ардчилсан үзэлтэй Ай Вэйвэй дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан юм.
Тэрбээр Хятад улсын тахалд гаргаж буй хандлагыг Уханьд анх вирус дэгдэж эхлэх үеэс л шүүмжилсээр ирсэн юм.
The Art Newspaper-т бичсэн нийтлэлдээ,
“Хятадын Коммунист нам коронавирусын халдварыг дотооддоо хяналтандаа авч чадсан нь авторитар дэглэмийн үр нөлөөг баталсан явдал. Бусад улс орнуудын хувьд тахлыг хяналтандаа авч чадахгүй байгаа нь чөлөөт,ардчилсан нийгмийн сул талуудыг илчилж байна” хэмээн дурджээ.
Түүний нийтлэлийг товчлон хүргэж байна.
Хятадын зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэй:Коронавирус бол жинхэнэ үзэл суртлын дайны дөнгөж эхлэл нь юм
-Хятадын коронавирусыг дотооддоо барихад чиглэсэн арга хэмжээ үр дүнгээ өгсөн. Гэвч дэлхийн байдал улам хүндэрч,Итали, Швейцарь зэрэг 100 гаруй улсад өвчлөл улам тархаж,80 болон түүнээс дээш насны ахмад настнууд,архаг хууч өвчтэй хүмүүст нэн шаардлагатай эмчилгээ,үйлчилгээгээ зогсоох дээрээ хүрчээ.
Вирусыг хэзээ хяналтандаа авах вэ, хэзээ дуусах вэ, дуусвал хэзээ дахин гарч ирэх вэ? гэсэн асуултад хүмүүс хариулт хайсаар байх болно. Хэрвээ коронавирус байгалийн гамшигт үзэгдэл байсан бол үүний эсрэг тэмцэхийн тулд эрт сэрэмжлүүлэх,эрт хяналтандаа авах нь хамгийн чухал зүйлс байх байлаа. Гэвч Хятадын Засгийн газар вирусын эсрэг өмнө нь хийж байсан тэр л үйлдлээ буюу үнэнийг нуун далдлах аргаа л хэрэглэж байна.
Нуун дарагдуулах бол Хятадын Засгийн газрын хувьд хамгийн найдвартай тактикуудын нэг. Энэ бол зөвхөн дэлхий нийтэд харуулахыг хүсээгүй зүйлээ нуун далдлахаас илүүтэйгээр улс төрийн хүчээ хэвээр хадгалах бодлого юм.
Хятад улс авторитар засаглал, цэрэгжсэн менежмэнтийнхээ тусламжтайгаар тахлын ард гарч чадахаа дэлхий нийтэд баталж чадлаа.Бүтэн улсыг хоёр сарын турш зогсонги байдалд оруулж, карантин, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсний дүнд вирусыг ч тэр, олон нийтийн оюун ухааныг ч хяналтандаа авав.
Өнөөдөр Хятад улс аюулт тахлын цаана гарчихсан,баяр баясгалантай зогсож байна. Энэ нь өөрөө дэлхий дахинд авторитар дэглэмийн давуу талыг батлан харуулсан бол эсрэгээрээ чөлөөт,ардчилсан нийгмийн сул талыг илчлэн харуулав.
Ардчилсан нийгэмтэй орнууд тахлыг хяналтандаа авахдаа учир дутагдалтай хандаж байна. Нийгмийн аюулгүй байдлын хэм хэмжүүр, хэвлэлийн эрх чөлөөтэй улс орнууд цар тахлын эсрэг хариугүй, товчхондоо инээд хүргэм хариу үйлдэл үзүүлж байна.
Сүүлийн хэдэн арван жилд бий болсон Хятад улсын өсөлт,хөгжил нь тус улсыг дэлхийтэй салшгүй холбожээ. Энэ холбоог өөр өөр хүмүүсийн эд эрхтэнийг нийлүүлэн, эрхтэн шилгүүлж суулгасантай адилтгаж болох юм.Нэг нь нөгөөгөө байнга няцааж байдаг.
Их хөгжлийн туршид Хятад нийгмийн олон асуудлаа шийдэж ирсний сацуу зөвхөн Хятадын онцлогтой социалист нийгмийг байгуулах гэсэн анхны сэдлээ хэзээ ч үгүйсгэж байсангүй. Энэхүү үзэл суртал нь ардчилсан сонгууль,үг хэлэх эрх чөлөө, хараат бус шүүх тогтолцоо зэрэг барууны үзлийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй. Хятад улс аливаа зарчмын асуудалд хэзээ ч буулт хийхгүй гэдгээ дэлхий дахинд тодорхой мэдэгдсээр ирсэн.
Барууныхны хувьд тэнд бий болсон хөрөнгийн хуримтлал нь Хятад улсыг эрх чөлөө, ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх үйл явцыг хурдасгана гэж үздэг байсан ч үнэн байдал дээр тэр нь талаар өнгөрснийг дурдах нь зүйтэй.
Дэлхийн эдийн засагт Хятад улс улам бүр чухал байр суурьтай болсон нь дэлхийн дэг журам, ялангуяа барууныхан ноёрхож ирсэн улс төр,соёлын салбарт аюул учруулж байна. Энэхүү аюулын цар хэмжээ Хятад улсыг хүчирхэгжих тусам улам тэлж, харин дэлхий дахин хоёр туйлт үзэл суртлын зөрчилдөөний гэрч нь болох болно. Коронавирус бол жинхэнэ үзэл суртлын дайны дөнгөж эхлэл нь юм.
Эх сурвалж:The Art Newspaper
Орчуулан хүргэсэн: ГЭРЭГ.МН
3 comments
Мэдээ зөвшөөрөлгүй авч тавихаа болино уу.Гэрэг.мн
Зссс сүртэй шд…
дэг журам хариуцлага дэлхийг аварна гэдгийг вирус өвчин маш тод мэдрүүллээ дээ