Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын Соёмботой уул шатаж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч 6 автомашинтайгаар гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан гал түймрийн дуудлага ихсэж байгааг албаныхан анхааруулсаар байгаа юм.
Өчигдөр л гэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан талаар мэдээлсэн.
Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдлийг дагуулсаар байна.
Иймд иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг анхаарууллаа.
Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.