Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд “Хүнстэй богц” аяныг эхлүүлжээ. Учир нь COVID-19-ийн халдвар, ажилгүйдэл, эдийн засгийн байдал хүндэрсэн үед хүүхэд хамгийн ихээр хохирч байгаа юм.
Тус дүүрэгт 354 мянган иргэнтэй 93 мянган өрхийн 10 гаруй хувь нь амьжиргааны түвшин доогуур буюу нэн ядуу амьдардаг. Тэр дундаа бага насны хүүхэдтэй эсвэл жирэмсэн эхтэй нэн ядуу өрх 1000 гаруй байгаа бол 3000 орчим хүүхэд асран хамгаалагч нь хүнд өвчтэй буюу хэвтрийн, архины хамааралтай эцэг эхтэй байдаг учраас үл хайхрах хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж. Тиймээс ажилтнуудын зүгээс амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд зориулж “Хүнстэй богц” аяныг зохион байгуулахаар болжээ.
Аяны үйл ажиллагаа маань 2020 оны дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд өрнөх бөгөөд иргэд дараах зүйлсээр тусалж болох юм байна.
1. Бүх төрлийн хүнс /Боов, боорцог, талх, гурил, будаа гэх мэт/
2. Бүх төрлийн өмсөх зүйлс /багадсан болон өмсдөггүй хүүхдийн болон том хүний хувцас, гутал, оймс, ном, сонин гэх мэт/
3. Түлээ, түлш, амны хаалт, гарын саван, алчуур гээд хүний тэр дундаа хүүхдийн хэрэгцээнд хэрэгтэй зүйлсийг хандивт өргөж болно гэлээ.
Эмнэлгийн ажилтнууд нийлэн өөрсдийн зүгээс мөн багахан зүйлсийг бэлтгээд байгаа бол аянг дэмжиж “Гацуурт” ХХК нэгджээ. Хэрэв та хандивын аянд нэгдэх бол БЗД-ийн 97-р баруун талд байрладаг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн 10-р төвийн гурван давхар байрлах захиргаанд хүлээлгэн өгч болно.
М.Баяр