Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэжиллээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банканд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохироод байгаа гэв. Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдлаа нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх аж. Тус төслийг ойрын хугацаанд хугацаа алдалгүй батлуулан, хэрэгжүүлж эхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг байгуулаад байгаа талаар Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Байнгын хороо уг асуудлыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, соёрхон батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Сангийн сайдын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ш.Раднаасэд, Л.Элдэв-очир нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Цэнэг хураагуурын системтэй болсноор сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эрчим хүчний оргил ачааллын үед системийн зохицуулалт хийх бололцоог бий болгож буйгаараа чухал ач холбогдолтой гэв. Одоогоор манай улс ОХУ-ын эрчим хүчний системтэй уялдуулан эрчим хүчний оргил ачааллынхаа зохицуулалтыг хийдэг байна.
Ийнхүү гишүүд тодруулга хийсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 47 нь буюу 85.4 хувийн саналаар “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлав.