Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн газар зай барих дэглэм мөрдөхийг сануулахын зэрэгцээ гудамж талбай, нийтийн тээвэр гэлтгүй ойр орчмын хүмүүстэйгээ харьцахдаа дор хаяж 1.5-2 метр зайтай байх шаардлагатай. Учир нь SARS-CoV-2 вирусээр үүсгэгддэг амьсгалын замын өвчлөл агаар дуслын замаар дамжин ийм зайд тархдаг гэж үздэг.
Гэсэн ч зарим эрдэмтэд амьсгалын замыг өвчлүүлэх вирус агуулсан шүлс шингэний жижиг дусал ч аюул учруулж болзошгүйг анхааруулж байна. Массачусетсийн Технологийн их сургуулийн(АНУ) судлаач Лидия Буруйба халдвар авсан хүн ханиалгаж, найтаахад вирусийн тоосонцор 8 метрийн зайд тархдаг гэж үзэж байна. Түүний судалгааг Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлжээ.
Буруйба хурдацтай камерын тусламжтайгаар найтаах үйл явцыг дүрсжүүлж, нэг секундэд 2000 фрэйм зураг авчээ. Ингэхэд ханиалгах эсвэл найтаах үед агаарын урсгал секундэд 10-30 метрт хүрч чаддаг болохыг тогтоосон байна. Үүний зэрэгцээ вирусийн тоосонцор хэдэн секундээс хэдэн минут хүртэл агаарт тогтоож аажмаар ууршдаг гэнэ. Судлаач энэхүү мэдээлэл CoVid19 тахлын эсрэг тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.