Махны хангамжийг тогтворжуулах зорилгоор нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгж нийт 12.6 мянган тн нөөцийн мах бэлтгэжээ.
Нөөцийн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нээс эхлүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан нөөцийн махыг худалдаалж байгаа юм. Хонины ястай мах кг нь 6700, үхрийн ястай мах кг нь 7700, ямааны ястай мах кг нь 6200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд үнэ ажээ.
Энэ сарын 20-ны байдлаар худалдаанд гаргахаар нөөцөлсөн нийт 12.6 мянган тонн махны 1904.8 тонныг нь хэрэглэгчдийн гарт хүргэсэн бөгөөд долдугаар сарын 1 хүртэл худалдаалахаар төлөвлөжээ.