Хаврыг олон ааштай гэлцдэг. Хавар олон ааш гаргах бүрдээ хэн нэгнийг хайртай нь учруулж, нөгөө нэгнийх нь дурсамжийг сэргээж, байгаль дэлхийн өнгө сэргээж, хаврын хамгийн сүүлчийн цас, хамгийн анхны бороотойгоо хамт ирдэг.
ХАВАР
Түрүүчийн эрвээхий өрөөнд орж ирэн
Хатуу хана мөргөчинө
Нисэх тэнгэр гадаа хүлээнэ
Түрүүчийн яргуй чулуу зайчлан зүтгэж
Хатууг аргадан ургана
Идэх ямаа тургин хүлээнэ.
Бавуугийн Лхагвасүрэн
ХАВРЫН НОГОО
Идэрхэн танхил нас минь дахин ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Би яг л энэ хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл ээ
Цоодолын Хулан
ХАВРЫН АНИР
Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амидрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно
Цогдоржийн Бавуудорж