Дэлхийн мафийн томоохон толгойлогчдын дунд эмэгтэйчүүд цөөнгүй. Жишээ нь мафийн толгойлогч Грисельда Бланкогийн талаар “Кокаины загалмайлсан эх” гэдэг кино хүртэл хийсэн байдаг. Гэвч тэрбээр мансууруулах бодисын томоохон мафийн толгойлогчоор нэрээ үлдээсэн цорын ганц эмэгтэй биш.
Грисельда Бланко
“Кокаины загалмайлсан эх” амьдралын боломж тааруу гэр бүлд төрж, хүүхэд наснаасаа л хулгай зэлгий хийж, 14 насандаа гэрээсээ явжээ. Охин зургаан жилийн турш биеэ үнэлэгчээр ажиллаж байгаад хар тамхины дилер Карлос Трухильотой гэрлэжээ. Энэ хосын дундаас гурван хүү төрсөн байна.
1970 онд Карлосыг хөнөөж, Грисельда дахиад нөхөрт гарчээ. Грисельда, мөн түүний хоёр дахь нөхөрт Медельиний хар тамхины сүлжээнд захирагдах нь таалагдаагүй тул гэр бүлээрээ АНУ руу нүүж, тэндээ өөрсдийн бизнесээ эхлүүлсэн байна. Энэ удаад Бланко бүгдийг толгойлон ажиллаж байлаа. Цагдаа нар энэ хатагтайг барих гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тэр тоолонд нь зугтаж чадсан байдаг. Тэрээр хэсэг хугацаанд Колумбад хуурамч бичиг баримттайгаар амьдарч байгаад Майамид иржээ. Мөрдөн шалгалтаас зугтаж гарч чадсан Бланко ингээд хуучин ажлаа хийж эхлэв.
Грисельда бүх ажлаа харгис хатуугаар шийдвэрлэдэг байсан бөгөөд нэг бол хамтран ажиллах, эсвэл нэг төгсгөлтэй тасалбар авахыг л бусдаас шаарддаг байжээ. Тэр 200 орчим хүнийг энэ маягаараа цааш харуулсан гэдэг. Хамгийн гол нь хүмүүсийг тонилгох асуудал дээрээ ямар ч ул мөрөө үлдээдэггүй, тун цэвэрхэн ажиллаж чаддаг байсан гэдэг. Мотоциклтой хүн хохирогчийн хажуугаар давхихдаа бууддаг аллагын аргыг Бланко л бодож олсон байна.
Майамигаас их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж ирэхэд ямар ч асуудалгүй байлаа. Гэхдээ Бланко жижиглэн худалдаанаас ч татгалздаггүй байсан юм. Тэрбээр мансууруулах бодисоо дотуур хувцсандаа хийж зардаг нарийн аргатай байжээ.
Бүх зүйл энэ мэтчилэн бүтэмжтэй байсан ч хохирогчид нэмэгдэхийн хэрээр төр засгаас сэжиг ажиг авч, Бланко зугтахаас өөр аргагүй болсон юм. Түүнийг 1985 онд гэрээс нь баривчилж, 15 жилийн хорих ял, 25 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Хар тамхины загалмайлсан эхийн хэргийг олон удаа сэргээснээс гадна ялыг нь нэмсээр 60 жилийн хорих ял болгожээ. Гэвч Бланкогийн өмгөөлөгчид түүнийг хугацаанаас нь өмнө суллаж дөнгөсөн.
Грисельда 2004 онд шоронгоос харж, Колумб руу гарсан. Бланког шоронд байх хугацаанд бизнес нь суларч, Медельины сүлжээнд зарим нь эзлэгдсэн байв. Бланко ч 20 орчим жил шоронд суусан болохоор урьдын адил хар тамхины бизнест шунасангүй. Гэхдээ л бага сагахан ажил хийсээр л байлаа. Грисельдаг 2012 оны есдүгээр сарын 3-нд өөрийнх нь бодож олсон аргаар буудаж хөнөөжээ.
Энжи Валенсия
Ийм сайхан бүсгүй хар тамхины дилер байна гэхэд итгэхийн аргагүй. Дээр нь тийм ч муугүй амьдралаас энэ бизнес рүү орсон гэхээр үнэхээр гайхмаар. Гоо сайхан бие хаа, зүс царайтай Энжи Валенсия хар залуугаасаа л эрчүүдийн анхаарлыг татдаг байлаа. 21 насандаа “Кофены хатан хаан” гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж, загвар өмсөгчийн карьераа эхэлсэн түүнийг зураг авалт, загварын үзүүлбэрүүдэд байнга урьж, 2007 он гэхэд л дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн нэг болж чадсан юм.
Гэвч моделийн шагнал, цалин түүнд хангалттай санагдсангүй. 2005 онд Энжи “Мангас” хочит Николя Гуалчо хэмээх “бизнесмэн”-ий анхаарлыг татав. Мансууруулах бодис нийлүүлдэг энэ эр Энжигийн ч сонирхлыг татаж, бүсгүйд тэрхүү тансаг амьдрал нь ч таалагдаж эхлэв. Гэтэл загварын бизнесээр бол хэзээ ч мансууруулах бодисын худалдаа шиг ийм их орлого олохгүй. Энжи нөлөө бүхий найз залуугаасаа салаад, өөрийн гэсэн бизнес эрхэлж эхэлжээ.
Валенсия загварын агентлаг нээсэн нь энэхүү бизнесээ далдлах санаа байсан аж. Ингээд загвар өмсөгчид буюу хар тамхи зөөвөрлөгчдийг хөлслөн авч ажиллуулав. Охидод агентлагаас нь бизнес ангиллын онгоцны тасалбар захиалдаг байсан болохоор тэдний гар тээшийг тэгтлээ их шалгаж байсангүй. Аргентинаас Их Британи хүрэх нэг аяллаараа охид тус бүр 5000 ам.доллар авч байлаа.
Хар тамхины худалдаачин Энжи Валенсиягийн энэ бизнес хоёр жил оршин тогтнож, түүнд тэрбум орчим ам.долларын орлого оруулжээ. Нэг удаа нэг моделийг нь гааль дээр шалгаж, чемоданаас нь даашинзаар далдалсан 55 кг кокаин илрүүлснээр энэ бизнест нь төгсгөл ирсэн гэдэг. Ингээд Валенсиягийн мэдээлэгчид нь баривчлагдаж байх зуур загварын агентлагийн эзэн өөрөө нуугдаж амжжээ. Тэрбээр нэрээ өөрчилж, шинэ бичиг баримт бүрдүүлж, гадаад төрхөө хүртэл өөрчилсөн байна. Хар тамхины бизнес эрхлэгч хатагтайг жил орчмын дараа олж баривчилсан бөгөөд тэр өөрөө баривчлагдсаныхаа дараа ч буруугаа хүлээхээс татгалзсан юм. Гайхалтай нь Энжид ердөө л 6 жил 8 сарын ял оноож, удалгүй хугацаанаас нь өмнө сулласан гэдэг.
Сандра Авила Бельтран
Сандра Бельтран буюу өөрийнх нь нэрлэдгээр “Номхон далайн хатан хаан” хар тамхины худалдаачны гэр бүлд төрж, эцэг эхийнхээ замналаар явжээ. Бага залуугаасаа л томоохон хар тамхины дилерүүдтэй хамтран ажиллаж, хэцүүхэн гэрээ хийж сурчээ. Бельтраны бүлгийн гишүүдийг баривчлах гэсэн цагдаагийн офицеруудын олонх нь өөрсдөө хар тамхины худалдаачид болж байлаа. Тэдгээр офицеруудын дунд хар тамхины мафийн төлөө мөрдөсөө тайлж хаяад “Номхон далайн хатан хаан”-ы зуучлагчид болсон хоёр нөхөр нь ч байдаг. Сандра Бельтран бас л Энжи Валенсиягийн адил зорилгодоо хүрэхийн тулд өөрийнхөө гадаад үзэмжийг чадварлагаар ашигласан нэгэн юм. Үүнээс гадна тэрбээр аливаа ажлаа бие даан гүйцэтгэх нь тун ховор. Ихэвчлэн түүний төрөл төрөгсөд хар тамхины тээвэрлэлтийг нь хариуцан ажиллаж, Сандра зөвхөн тэднийг удирддаг байлаа.
2007 онд хар тамхины загалмайлсан эх болон түүний найз залуу Хуан Диего Рамерест хар тамхины худалдаа эрхэлсэн, мөнгө угаасан хэргээр хэрэг үүсгэжээ. Рамиресийн хувьд тийм ч болгоомжтой нэгэн биш байхад Сандра бүгдийг урьдчилан тооцоолсон байв. Учир нь түүний энэ бүх гэмт хэрэгт хөндлөнгөөс хамааралтай гэж үзээд их ялд унагаагүй байна. Харин түүний хувийн өмч л анхаарал татаж, цагдаа нар 2001 онд хураан авсан байдаг. Сандра Мексикт 225 үл хөдлөх хөрөнгөтэй, загасчлалын нэг хөлөг онгоцтой бөгөөд түүгээрээ Мексикээс АНУ руу 9 тонн кокаин зөөвөрлөжээ.
Сандра шүүх дээр өөрт нь тохсон бүх хэргийг үгүйсгэж, зүгээр л гэрийн эзэгтэй, хувцас худалддаг гэж мэдэгдсэн байна. Гэвч энэ удаад Бельтраны арга заль үйлчилсэнгүй, 3 жилийн ял өгч, 2010 онд хэргийг дахин хэлэлцээд, 2015 онд л суллажээ.
Мелисса Калдерон Охеда
Ла Чина хочит царайлаг хүрэн үст энэ бүсгүй хар тамхины мафийн толгойлогч гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл хөөсөн нэгэн шиг харагддаг. Ла Чина 2005 онд Сандра Бельтраны удирдлага дор хар тамхины бизнесийн карьераа эхлүүлжээ. Тэрбээр “Синалоа” бүлгээс гарч, “Эль Гранде”-гийн хар тамхины худалдаачид анхны найз залуу Эрик Давалос фон Борстелийг нь хөнөөсний өшөөг авахаар өөрийн гэсэн хар тамхины худалдааны зам байгуулжээ.
Тэр цагаас хойш Ла Чина эрх мэдэлтэй болж, хар тамхины бизнесийн ертөнцөд хохирогчдын тоо эрс өсчээ. Ла Чинагийн шинэ найз залуу түүний орлогч болсон ч цусанд дуртай найз бүсгүйгээсээ айж, цагдаад түүнийг барьж өгсөн байна. Мелисса Охедаг 2015 онд Мексикээс нисэх гэж байхад нь нисэх онгоцны буудлаас саатуулжээ. Өдгөө тэрбээр Мексикийн гол шоронд ял эдэлж байна.
Эх сурвалж: goodhouse.ru
Орчуулсан Э.МАРТ
3 comments
Хор зарж олон хүний амьдрал сүйрүүлсэн хар нүгэл нь буцаж ирж л таараа
Сүйд болохоор сайхан арай бишээ
Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com
Бид танд талархаж байна