Дэлхий даяар улс орнуудын Засгийн газар коронавирусний халдварын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Технологийн компаниуд вирусний эсрэг тэмцэх, хүний амь насыг аврахад туслах техник хэрэгслийг боловсруулж өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
Google болон Apple компаниуд хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах замаар вирусний тархалтыг хянах, бууруулах чиглэлд хамтран ажиллах болсноо зарлажээ. Халдвар авсан хүнтэй холбогдсон эсвэл өөрөө халдвар авсан тохиолдолд аппликейшнд мэдээллээ бүртгүүлдэг, ингэснээр сүүлийн 14 хоногт ойр байсан хүмүүст хувийн мэдээллийг нь нууцлан сэрэмжлүүлэг хүргэдэг Bluetooth технологи дээр суурилсан программ хангамжийн шинэ төслийг ирэх 5 дугаар сард нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
АНУ-ын засгийн газар коронавирусний тархалтаас сэргийлж халдвар авсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг олж тогтооход гар утас болон царай таних систем ашиглан тухайн иргэний явсан газар, байршлуудыг тогтоож, анализ хийх зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.
Энэ хүрээнд царай таних систем үйлдвэрлэгч Clearview AI компани нь төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн өгөгдлийн уурхай буюу data mining хийдэг Palantir компани нь өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл олзворлодог бусад компаниудтай түншлэл байгуулжээ.
Цагаан ордон Google, Facebook, Amazon зэрэг хэд хэдэн технологийн компаниудтай хамтран ажиллаж байгаа ба Facebook нь вирусийг хянах зориулалттай газрын зураг боловсруулж байна.
АНУ-ын Athena Security компани халуунтай хүнийг илрүүлдэг “Хиймэл оюун ухаант дулаан мэдрэгч камер” үйлдвэрлэж эхэлсэн ба тус компанийн зүгээс хүнсний дэлгүүр, эмнэлэг, санал авах байр зэрэг газруудад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа бөгөөд Засгийн газар, агентлагууд болон нисэх онгоцны буудалд байршуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн мэдэгсэн.
Сингапур улсын засгийн газраас хэрэгжүүлж буй TraceTogether программ нь Bluetooth технологийн тусламжтай иргэд хоорондоо мэдээлэл солилцдог ба мэдээллийн нууцлалыг хангахдаа end-to-end тусгай шифрлэлтийн аргачлал ашигладаг. Аппликейшнийг Android, IOS үйлдлийн системүүд дээр ашиглах боломжтой бөгөөд иргэд хоорондоо ойртох үед халдвартай эсэх талаарх мэдээллийг дамжуулдаг байна.
Өмнөд Солонгос улсын Дотоод, аюулгүй байдлын яамнаас боловсруулсан “self-quarantine safety protection” программ нь GPS ашиглан иргэдийн байршлыг тогтоон, хорио цээр зөрчөөгүй эсэхийг шалгаж, холбогдох ажилтнуудад явцын талаар мэдээлэх боломжийг олгодог. Үүнээс гадна халдвартай иргэдийн очсон газраас 100 метр радиуст орвол хэрэглэгчдэд анхааруулга өгдөг “Корона 100м” гэх аппликейшн гарсан ба тус улсын иргэд өргөнөөр ашиглаж байна.
Япон улсын Анагаах ухааны зөвлөгөө өгдөг компани коронавирусний халдварын үед аппликейшнаа түр хугацаанд үнэ төлбөргүй болгосон. Тус аппликейшн нь эрүүл мэндийн төвүүдийн ачааллыг багасгах зорилготой бөгөөд ойролцоогоор 30 минутын дотор 120 орчим эмч нараас зөвлөгөө авах боломжтой.
Хятад улс Хубэй мужаар дамжин явсан хүмүүсийг олж тогтоохын тулд орон нутгийн харилцаа холбооны компаниудтай хамтран ажиллаж байсан бөгөөд вирус тээгчдийг тодорхойлох зорилгоор мэдээллийг нь Үндэсний эрүүл мэндийн комисст илгээж байна.
Мөн SenseTime Thunder-E шийдэл нь масктай хүмүүсийг таних, маскгүй иргэдийг илрүүлэх, халуунтай хүмүүсийг олж тогтооход зориулагдсан ба уг технологийг ашиглан сэжигтэй хүмүүстэй хавьтахгүйгээр халдварыг илрүүлж, урьдчилан сэргийлж байна.
Польш улсад очсон иргэдэд халдварыг хянах зориулалттай аппликейшн татаж ашиглахыг зөвлөж байгаа ба өөрийн selfie зургаа оруулж бүртгүүлээд бүтэн өдрийн туршид дахин дахин баталгаажуулах шаардлагатай бөгөөд 20 минут тутамд хариу өгөх байдлаар иргэдийн биеийн байдлыг хянаж байна.
ОХУ-д мөнгөн тэмдэгт болон төлбөрийн картаар халдвар тархахаас сэргийлж хүнсний дэлгүүрүүдэд царай танин баталгаажуулах төлбөрийн системийг туршилтаар ашиглаж байна. Промсвязь банкаар дамжуулан биометр төлбөрийн системийн төслүүдийг 2021 оны эхээр нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг системийн хүрээнд хэд хэдэн жижиглэн худалдааны төвүүдтэй хэлэлцээр хийж байна.
Программ хангамж хөгжүүлэгчид Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж технологийн боломжийг ашигласнаар дэлхийн улс орнуудад COVID‑19-ийн тархалтыг удаашруулж, өдөр тутмын хэвийн амьдралдаа эргэн орох боломж нөхцөлийг судалж байна.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР