Энэ сарын 20-нд Завхан аймгийн Улиастай суманд мэс заслын шархтай нярай хүүхдийн цогцос олджээ.
Тодруулбал, тус сумын Товцог багийн нэгэн айлын нохой нярай хүүхдийн цогцос зууж ирсэн байна. Айлын хүмүүс цагдаагийн газарт дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлжээ.
Шалгалтын явцад уг цогцос нь нэг сар орчимтой эрэгтэй хүүхдийнх болох нь тогтоогдсон бөгөөд хэвлийн хэсэгт мэс заслын зүсэлт хийж, гэдсийг эргүүлэн оёсон байжээ. Нярайг нас бараад 2-3 хоносон гэж дүгнэсэн байна.
Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд одоогоор цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, эд эрхтэн нь бүрэн бүтэн эсэх, нас барсан шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна.