Өнөөдөр 2020 оны 04 сарын 20-с эхлэн 05 сарын 19-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл Жижиг дунд үйлдвэрийн төсөл цахимаар хүлээн авах ажиллагаа эхэллээ.
Олон нийтийн дунд ЖДҮ, ЖДҮ-чид гэх нэр томъёо үүсэх хүртэл энэ сангийн хөрөнгө хэрхэн зарцуулагддаг талаар мэдээлэл олон нийтэд харьцангуй нээлттэй бус, хүмүүс ч сайн мэдэхгүй ирсэн дутагдалтай тал бий.
Үүнийг далимдуулан мэдээлэлд ойр зарим албан тушаалтнууд, тодорхой хүрээний хүмүүс давуу байдлаар ашиг тусыг нь хүртсэн хэрэг явдал гарч үүнийг дагасан шуугиан одоо ч намжаагүй байна.
Үүнд миний нэрийг ч санаатай болон санамсаргүйгээр холбогдуулсан худал мэдээлэл гарч байв.
Би энэ сангаас өөрийн болон гэр бүл хамаатан садныхаа нэр дээр ямар нэг хэлбэрээр зээл аваагүй, өөрийн эрх ашгийг ард түмнийхээс дээгүүр тавьж хувьдаа завшсан увайгүй үйлдэл гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Харин өөрийн санаачилсан “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, УИХ-ын гишүүний хууль журамд заагдсан эрхийнхээ хэмжээнд боломж бололцооны хэрээр туслах, зөвлөгөө өгөх, мэдээлэл түгээх ажлыг хийж ирсэн юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр миний баримталдаг зарчим бол “бид импортлогч хэрэглэгчээс-баялаг бүтээгчид болцгооё” гэсэн уриа билээ.
Өрх бүр үйлдвэрлэгч байж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдхүүнийг зах зээлд нийлүүлдэг байх нь уул уурхайг “шүтэх”, нийгмийн халамжийг хавтгайруулан бэлэнчлэх сэтгэлгээнээс салах гол хөшүүргийн нэг гэж боддог.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ ч энэ талаар бодлогын томоохон өөрчлөлт хэрэгтэйг ярьж хэлж ирсэн. Ялангуяа зээл, хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагатай салбартаа зөв эзэндээ хүргэх нэн чухал юм.
Одоо энэ сангийн зээлийг хэнд өгөх вэ гэдэг шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулалт, олгох, эргэн төлөлт, хяналт зэрэг мэдээлэл нь олон нийтэд илүү нээлттэй “шилэн” байх, мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах үүргээ сайн биелүүлэхийг ард иргэд шаардах эрхтэй.
Мөн “хуурамч” ЖДҮ-чидийг илрүүлж эхнээсээ хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах шаардлагаа ч сулруулж болохгүй. Нэр бүхий албан тушаалтан эрх мэдэлтнүүдэд улс төрийн хариуцлага тооцож УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч Ерөнхий сайд мэдэгдээд байна.
Хэрвээ та болон таны хүрээлэлд гарын ур дүйгээрээ “талхны мөнгө”-өө олчих гэж хичээдэг, өөрөөсөө гадна ганц хоёр хүний амьдрал ар гэрийг тэжээчих гээд зүтгэдэг, эдийн засгийн хямралын савлагаанд сөхөрчих гээд жаахан дэмжлэгтэй бол хөл дээрээ зогсчих итгэл найдвар тээж яваа эсвэл под хийсэн хөөрхөн хэдэн тоног төхөөрөмжтэй жижигхэн үйлдвэрлэл эрхэлдэг, нэмээд ганц нэг машин техник авчихмаар байгаа ч мөнгө нь арай хүрдэггүй, эргэлтийн хөрөнгөө нэмчихвэл бас нэг хэдэн жилдээ тэсчих гээд байгаа хүн байвал энэ мэдээллийг түгээж хүргээрэй.