Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаанаараа Улаанбаатар хот, Дархан-уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах зорчих хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний 21:00 цагаас 2020 оны 04 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэсэн юм.
Учир нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн Олон улсын ачаа тээврийн жолоочоос Ковид-19 илэрсэнтэй холбогдуулан дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. УОК-ын дээрх шийдвэртэй холбоотойгоор Авто тээврийн Үндэсний төвөөс дараах мэдэгдлийг гаргаад байна.
Улсын онцгой комиссын шийдвэртэй холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон учраас дээрх өдрүүдэд зоричхоор худалдан авсан тасалбарын төлбөрийг шимтгэлгүйгээр буцаан олгох, тасалбарын тээвэрлэлтийн өдрийг солих зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна. Тиймээс иргэд тасалбар касууд дээр очиж буцаалтгаа хийлгэх, зорчих өдрөө солиулах боломжтой аж.