УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаан Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “төслийн хоёрдугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Харин УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, хуулийн төсөлд маргаантай, судлах асуудлууд байгаа тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулж, Ажлын хэсэг байгуулах шаардлагатайг мэдэгдлээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн ахлахаар болов