Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Засгийн газрын хуралдаанаар хүндэрсэн нөхцөлд хариу арга хэмжээг шуурхай авах, нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох чиглэлийн дадлага сургуулилалт хийх үүрэг чиглэл өгсөн.
Дадлага сургуулийг тавдугаар сарын эхээр зохион байгуулна. Энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Энэ удаагийн дадлага сургуулилалтад ард иргэдийг оролцуулна. Гэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй” гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн “УОК-ын 18 дугаар хуралдаанаас тусгай үүргийн онгоц хөөргөх чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Герман улс руу ээлжит нислэгээ зохион байгуулна.
Тусгай үүргийн нислэгээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эх, эмчилгээнд явсан хүмүүсийг татаж авна” гэлээ. Нислэгээр ирэх иргэдэд өмнө нь тавьж байсан таван шаардлагыг тавих аж. Мөн 48 цагийн дотор Ковид-19 халдварын шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг гарсан иргэдийг онгоцонд суулгах шаардлагыг тавих аж.