“WTI” маркийн нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ даваа гарагт анх удаа хасах руу орсныг Нью-Йоркийн худалдааны биржийн мэдээлэл харуулжээ.
Орон нутгийн цагаар 14:24 цагийн байдлаар “WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх үнэ 176.52 хувиар буурч, торх нь хасах 13.98 ам.доллар болжээ.
“CNBC” телевизийн мэдээлснээр, “WTI” маркийн нефтийн үнэ өмнө нь хасах үзүүлэлтэд хүрч байгаагүй аж. Харин тус маркийн 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 20 ам.долларт хэлбэлзэж байна. “WTI” маркийн нефтийн 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ арилжааны явцад хамгийн багадаа хасах 40.32 ам.долларт хүрчээ.
МОНЦАМЭ