Ховор амьтны зүйлд багтдаг хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалахыг завджээ.
Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч иргэн Э-гийн хашаанд Хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлсэн байна.
Ингээд сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, гурван иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, Хүрэн баавгайн найман ширхэг савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан, шалгалтын ажиллагаа хийж буй аж.
Урьдчилсан байдлаар хүрэн баавгайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутгаас энэ оны нэгдүгээр сард хууль бусаар агнаж, түүхий эдийг Улаанбаатар хотод зөөвөрлөн авч ирж, худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан бөгөөд хэргийг иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь тогтоогджээ.
Хүрэн байвгай нь дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар Олон Улсын хэмжээнд “Анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “Мэдээлэл дутмаг” гэж үнэлэгдсэн байдаг.
Мөн хүрэн баавгайг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны VII тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн бөгөөд Олон Улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлд бүртгэлтэй юм.
Үүнээс гадна хүрэн баавгайн тархац нутгийн 21 хувь орчим нь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагддаг байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба