УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Энэ үеэр гурван асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэн байна. Тэгвэл хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурал болж өндөрлөлөө. Хурлаар гурван асуудал хэлэлцсэн.
Нэгдүгээрт, хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрсэн.
Хоёрдугаарт, цар тахлын чиглэлээр бие даасан хууль гаргах нь зөв гэж гишүүд үзсэн. Тэрхүү хуулийн төслийг хэлэлцлээ.
Гуравдугаарт, ноолуур болон үр тариа зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Хаврын чуулган эхлээд хоёр долоо хонож байна.
Энэ жил сонгуулийн жил. Тиймээс тавдугаар сард хаврын чуулганыг нэлээн идэвхтэй хуралдах шаардлага үүссэн. Учир нь, бид 2019 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн дагуу шинэ парламент бүрдэх,Үндсэн хуулийг хэрэгжүүлэхэд 40 гаруй хуулийг баталсан байх шаардлагатай.
Тэр бүхнийг хаврын чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай байгаа юм. Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах асуудлыг ирэх долоо хоногт хурлаар оруулж, тодорхой асуудлыг шийдэх хэрэгтэй гэж бүлэг үзлээ” хэмээн онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “УИХ-аас өгсөн үүргийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай нэг удаагийн хууль гарч байна. Энэ хууль нь хорио цээрийг дэглэм цуцлагдсан үед хүчингүй болох үйлчлэлтэй.
Зайлшгүй цар тахалтай тэмцэх туршлагыг нэгтгэн дүгнэж, шинээр эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд хязгаарлалт хийх, тодорхой шийдвэрийг шуурхай гаргах эрхийг Засгийн газар гаргах бие даах журмыг зохицуулж өгсөн. Гол зорилго нь Засгийн газарт санхүүгийн болон онцгой эрхийг олгох юм. Нөгөө талаараа холбогдох яам, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болж байгаа юм.
Монгол Улс дотроо алдаагүй байгаа нөхцөл байдлаа хадгалж үлдэхэд энэ хууль онцгой ач холбогдолтой. Мөн Улсын Онцгой комиссын гүйцэтгэх эрх үүргийг нэмэгдүүлж, бэхжүүлэх бололцоог нь бүрдүүлж байна. Иргэдийн эрх, үүргийг зааж өгч байна. Хариуцлагын асуудлыг чангатгаж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн халдварт өвчинтэй холбоотой зүйл, заалтын торгуулийн хэмжээг чангатгаж байна.
Учир нь, зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй, оргон зугтах, санаатайгаар өвчин тараах нөхцөл байдал олон оронд анзаарагдаж байна. Хүнийг арьс өнгөөр нь, халдвар авсан эсэхээр нь ялгаварлах явдал олон улсад гарч байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх заалтыг бодлогоор тусгаж өглөө. Энэ долоо хоногт хуулийн төслийг онцгой горимоор хэлэлцэхэд бүлэг дэмжлэг үзүүлнэ” гэв.
2 comments
Сайн байна уу төр засгаас энэ хүнд үед гаргаж байгаа шийдвэрүүд зөв хэдий ч бүхнийг хамрахгүй амьдралаас арай хол байна. Өнөөдөр банкны зээлгүй иргэн гэж манай улсад байхгүй. Төрийн албан хаагчидын цалинд өөрчлөлт гараагүй хэдий ч яг амьдрал дээр бүх юм зээлээс зээлийн хооронд амьдар ч байна. Төр засгаас аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж байгаа хэдий ч хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд ард түмнээ бодохгүй, нийгмийн хариуцлага гэж байхгүй өргөн хэрэглээний барааны үнэ хэрээс хэтэрч цалингийн зөрүү амьдралд хүрэлцэхгүй хүнд байна. Өөрөөр хэлбэл ямар ч хяналтгүй өргөн хэрэнлээний барааны үнийг өсгөж ард түмэн хэрэнлээний бараагаа зээлээр аваад төлөх хүртэл үнийн дүн дээр хүү тооцож авч байгааг хаана хянах ёстой вэ аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн оронд нийтэд хүртээмжтэй байх гарцыг сонгож ард түмнээ ялгаварлалгүйгээр эдийн засаг санхүүгийн хувьд дэмжих шардлагатай байна.
ноолуурын үнийг тогтвортой байлгах хэрэгтэй байна ямаагаа самнаагүй зөндөө хүмүүс байна байгаа гэдгийг бодох хэрэгтэй шүү гишүүд минь