Хойд хөршийн “Аргументы и факты” сонин мэргэжлийн хүмүүстэй холбогдон судалсны үндсэн дээр коронавирусийн халдвар тархах хамгийн өндөр магадлалтай газрууд, халдвар авах эрсдэлтэй үйлдлүүдийг нэрлэжээ. Эдгээрийг уншигчдадаа танилцуулья.
5. Хог хаяхаар гадагш гарах. Коронавирус нь тоос шороон дээр багагүй хугацаанд амьдрах чадвартай. Тиймээс гадагш гарч хог шороотой орчинд очих нь халдвар авах эрсдэлтэй аж.
4. Нохойгоо салхилуулах. Нохой нь тоос шороо манаргах магадлал өндөртэй. Ийм байдал үүсвэл тоос шороогоор дамжин хүний биед нэвтрэх боломжтой. Мөн нохойн сарвуунд наалдан орон гэрт вирус орж ирэх магадлал өндөр. Орчны хаалга, шатны бариул ч мөн халдвар тархаах өндөр магадлалтай газрууд юм.
3. Шатахуун түгээх станц /Өөртөө үйлчилдэг/. Шатахуун түгээх станцын хоолойг өдөр бүр хэдэн зуун үйлчлүүлэгчид барьдаг. Тиймээс халдвар тархаах эрсдэл өндөр юм. Монголд ийм станц байхгүй ч гэр хорооллын худагтай дүйцүүлж ойлгож болох юм байна. Мөн шатахуун түгээгчийн гараар дамжсан бүх зүйл эрсдэлтэй гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.
2. Хүнсний дэлгүүр. Хорио цээрийн дэглэмийн үед ажиллаж байгаа олон нийтийн үйлчилгээний ганц газар нь хүнсний дэлгүүр. Тиймээс халдвар тархаах эрсдэлээрээ хоёрдугаарт жагсжээ. Дэлгүүрийн хаалганы бариул, бараа /олон хүн үзэж, барьж тавьж байгаа/, хариултад авсан бэлэн мөнгө, худалдагчийн гараар дамжсан төлбөрийн карт гээд бүгд үхлийн вирусийг тархаах өндөр эрсдэлтэй. Тиймээс дэлгүүр рүү амны хаалт, болж өгвөл бээлийтэй орж байх хэрэгтэй юм байна. Бас орсон л бол орж ирээд ариун цэврийг дээд зэргээр хангах нь чухал болжээ.
1. Эмийн сан. Мэргэжилтнүүд халдвар тархаах хамгийн эрсдэлтэй газраар эмийн санг нэрлэжээ. Хамгийн эхэнд эрэмбэлсэн шалтгаанаа мэргэжилтнүүд “Эмийн сан руу цоо эрүүл хүмүүс тэр бүр ороод байдаггүй” хэмээн тайлбарласан аж. Үнэхээр ч эмийн сан руу шинж тэмдэг илэрсэн хүн юм уу, шинж тэмдэг илэрсэн хүний ойрын хавьтагч нар орж ирэх магадлал өндөр билээ.
БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн халдварлах боломжтой зайг 4 метр хэмээн тодорхойлсныг эцэст нь сануулъя.
1 comment
khetsuu ch um be dee