Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн монголчууд эртнээс нааш билэгдэж ирсэн. Тэгвэл Ховд аймагт сүүлийн жилүүдэд тогтмол ингэ ихэрлэж байна.
Энэ хавар тус аймгийн Чандмань сумын малчин Д.Мягмарын ингэ ихэрлэжээ. Тэднийх 5 хошуу малтай. Хонь, ямаа голдуу өсгөн үржүүлдэг, 30 гаруй тэмээтэй аж.
Ингэ ихэрлэх нь нутаг хошуу, хүн зон амар амгалан байж, мал сүрэг өсөн үржихийн билэгдэл хэмээн Монголчууд эртнээс нааш дээдэлж ирсэн. Тиймээс Ховд аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамт малчин Д.Мягмарт хүндэтгэл үзүүлж, эртний уламжлалын дагуу ихэр ботго төрүүлсэн ингийг мөнгөн буйлаар буйлласан юм.
Ховд аймгийн Чандмань сум 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор 222 мянган толгой мал тоолуулснаас 50 гаруй хувь нь эх мал байна. Мал төллөлт 80 гаруй хувьтай, төлийн эндэгдэлгүй байна. Цаг улирлын байдал тогтуун учраас энэ жил мал ихэрлэх нь элбэг байгаа гэнэ. Тодруулбал, Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд дөрвөн ихэр ишиг мэндэлж, эсэн мэнд бойжиж байна.
МҮОНРТ-ийн Ховд аймаг дахь сурвалжлагч Г.Энхжахгал