Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн хашаанд 4.2 тн формальдегид хадгалж буй. 2004 онд малын гоц халдварт өвчин гарахад формалин авч ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ гэсэн нь угтаа химийн хорт бодис формальдегид байж. Үр дүнд нь, өдий төдий албан хаагч хордож, мал, амьтан үхсэн гэх. Тус мал эмнэлгийнхэн үлдэгдэл бодисыг 16 жилийн турш хашаандаа ил задгай байлгажээ. Өнгөрсөн жил ОБЕГ-т хүсэлт гаргаснаар битүүмжилсэн гэнэ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтын Гаалийн газрын түр агуулахад хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, хаяг шошгогүй, 18 нэр, төрлийн хорт бодис бий. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч ажлын өрөөндөө 63 нэр, төрлийн 13.7 кг хорт бодис хадгалж буй. Тэр ч бүү хэл, Булганы Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийнхон зоорийн давхартаа 1960-1970 онд социалист орнуудын тусламжаар нийлүүлсэн 94 нэр, төрлийн химийн 61 кг хуурай, 25.9 литр шингэн бодисыг 50 гаруй жил хадгалж байгаад 2014 онд гадна агуулах руугаа зөөсөн байдаг.
Тус лаборатори, ойр орчмын газрын хөрс дээрх бодисуудын нэг пестицидийн нөлөөгөөр ихэд бохирдсон гэнэ. Уг нь Чехийн эрдэмтэд аль 2014 онд Монголд ирэхдээ пестицид нь хүний ген, удмын санд нөлөөлдгийг тодорхой хэлсэн гэдэг. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадаагүй байна. Энэ мэт баримт олон. Тухайлбал, манай Ерөнхий боловсролын ихэнх сургуульд 1960- 1970-аад онд хандиваар нийлүүлсэн гэх хугацаа нь дууссан, нэр тодорхойгүй бодисууд агуулж байна. Химийн бодисыг устгалд оруулах эрх зүйн зохицуулалт байхгүй шалтгаанаар дээрх байгууллагууд хорт бодисуудыг албан өрөө, анги танхимд хадгалсаар буй.
Үүнээс гадна зөвхөн хувийн хэвшлүүдэд гэхэд 10 918 нэр, төрлийн 3686 тонн бодис хадгалж байна. Мөн 892 нэр, төрлийн 683 687 литр, 578 хайрцаг нунтаг, 12 баллон хий зэрэг устгах шаардлагатай бодис цаана нь бий. Эдгээр химийн хортой болон аюултай бодисоос 181 нь нэр, шошго тодорхойгүй. Гэтэл хувийн хэвшлүүдийн 14.6 хувь нь химийн бодис хадгалах зориулалтын агуулахтай. Үлдсэн нь хортой бодисыг зоорийн давхартаа, зарим нь өрөөндөө хадгалж, задарсанууд нь ил задгай байлгаж буй.
Хатуухан хэлэхэд, химийн бодисын хорт нөлөө биднийг бүхэлд нь заналхийлж байна гэж болохоор. Хоёр аймгийг тухайлан жишээ болгон нутаг дэвсгэрт нь хэдий хэмжээний бодис хадгалж буйг сонирхоё. Орхон аймагт 1 334 нэр төрлийн 7.1 сая тн химийн хорт болон аюултай бодис байна. Үүний 211 000 тн нь хортой, 6.9 сая тн нь аюултай бодис. Архангайд аюулгүй байдал, стандартын шаардлага хангаагүй, нэр, хаяг нь тодорхойгүй 436 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодисыг агуулж буй.
Уг нь, хэрэгжүүлдэг бол химийн бодисын хэрэглээ, хадгалалт хамгаалалт, устгалтай холбоотой өдий төдий хууль, эрх зүйн бичиг баримт, дүрэм журмыг УИХ болон холбогдох яам, агентлагаас баталсан юм байна. Мөн Химийн хорт бодистой холбоотой хэд хэдэн конвенцод нэгдэж, олон улсын өмнө үүрэг хүлээсэн. Харамсалтай нь, эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь амьдралд хэрэгждэггүй. Тухайлбал, Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад альдрин, бинапакрил, бромтметил, гептахлор зэрэг нийт 126 төрлийн бодис ашиглахыг бүр хориглож, 31 нэрийн аюултай бодисын хэрэглээг хязгаарласан.
Гэхдээ дээрх нэр, төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах явдал гарсаар байна. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 28/40/29 дүгээр хамтарсан тушаалд “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын 3.1 дэх заалтад “Химийн хорт болон аюултай бодис нь зориулалтын сав, баглаа боодол, стандартын шаардлага хангасан хаяг, шошготой байна” гэж тусгасан ч бодит байдалд хэрэгждэггүй, маш олон нэр, төрлийн химийн хорт болон аюултай бодис Монгол орны хаа сайгүй байсаар.
Дэлхий нийт химийн бодисыг анагаах ухаан, уул уурхай, хүнс үйлдвэрлэл зэрэг маш олон салбарт, тэр ч бүү хэл иргэд ахуйн хэрэглээндээ өдөр тутам ашигласаар. Ихэнх оронд хадгалалт хамгаалалт, устгах горимоо чанд сахидаг. Эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх хорт нөлөө, үхэлд хүргэх аюул мундахгүй учраас тэр. Харамсалтай нь, манайхан төр, засгийн шатандаа ч, хувийн хэвшил, иргэдийн түвшинд ч аюулгүй байдлаа хангаж чадаагүй. Товчхондоо химийн хорт болон аюултай бодис алдагдаж, иргэд хордох, амиа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, монгол хүний удмын санд нөлөөлөх эрсдэл хаалга тогшин заналхийлж байна.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.УДВАЛ: ҮАБЗ-д мэдээллийг сар бүр хүргэдэг
НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Удвалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Химийн бодисын хэрэглээнд хяналт тавьж чадаж байна уу?
-Химийн бодисын шалгалтыг нийслэлийн хэмжээнд нэг л улсын байцаагч хийж, иргэдэд зөвлөдөг. Жилдээ 38 обьектод 3-5 сарын хугацаанд хяналт тавьдаг. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус шалгалтыг дүүргийн байгаль орчны байцаагчтай хамтран хийнэ. Мөн ҮАБЗ-д химийн бодисын мэдээллийг сар бүр хүргүүлдэг юм. Химийн хорт болон аюултай бодис оруулж ирдэг аж ахуйн нэгжүүд БОАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авдаг. Бид аюулгүй ажиллагаагаа хангасан уу, химийн бодистой холбоотой хууль, дүрэм, журмаа мөрддөг үү гэдгийг хатуу хянадаг. Мөрдөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.11 дэх заалтын дагуу хариуцлага тооцно. Монгол Улсад химийн бодис хариуцсан Байгаль орчны хяналтын улсын байцаагч цөөн. Орон тоог нэмэх шаардлага бий. Төрийн бус байгууллагууд бидэнтэй хамтран химийн бодисын хэрэглээнд хяналт тавьж, ажилладаг. Нөгөө талаар аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хүн бараг байхгүй. Судалгаа шинжилгээний байгууллагын лабораториуд л мэргэжлийн химичтэй. Бусад газарт хөдөлмөр аюулгүй байдлын инженер нь химийн бодист хяналт тавих үүрэг гүйцэтгэдэг. Химийн бодис экспортлох, импортлох журамд химийн бодис ашигладаг бол мэргэжлийн химич, технологичтой байна гэж заасан ч биелүүлдэггүй.
-Устгах ёстой хортой бодис хэр их төвлөрсөн бэ. Устгах үйлдвэр байхгүй шүү дээ?
-Уул уурхай эрчимтэй хөгжиж буй учраас химийн бодисын хэрэглээ өссөн. Ашигласан химийн бодисыг устгах байгууламж Монгол Улсад байхгүй нь үнэн. Химийн бодис алдагдаж, байгаль орчинд хохирол учруулах, иргэдийг хордуулах эрсдэл өндөр. Тиймээс бид химийн бодис импортолдог аж ахуйн нэгжүүдийг хянаж, байнга заавар зөвлөмж өгдөг. Тусгай өрөө, эсвэл чингэлэг гаргуулж, химийн хог хаягдлыг нэгбүрчлэн бүртгэж, хадгалуулдаг.
-БОАЖЯ-наас ажлын хэсэг томилон судалгаа хийж буй гэсэн. Та ажлын хэсэгт багтсан. Гүйцэтгэх ажлынхаа талаар мэдээлэл өгөөч?
-Аж ахуйн нэгжүүд аюултай хог хаягдлаа хаана хадгалж байна. Ямар сав баглаатай вэ гэдгийг дахин судална. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад нэр шошгогүй, хугацаа дууссан химийн бодис хэдий хэмжээтэй байгааг бүртгэх зорилготой. Улмаар боловсролын болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нар тоо, баримтуудаа нэгтгэж ойлголтын зөрүүгүй болно.
-Сүүлд ямар гомдлын дагуу шалгалт хийсэн бэ?
-Гомдлын дагуу өнгөрсөн хоёрдугаар сард МУБИС-ийн Химийн лаборатори болон химийн мэргэжлээр оюутан бэлтгэдэг тэнхимийг шалгасан. Тус сургуулийнхан химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй, аюултай хог хаягдлаа ялгаж, ангилаагүй байсан. Мөн аюултай хог хаягдлаа аюулгүй болгох арга хэмжээ аваагүй, ослын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөгүй, хариуцсан хүнээ сургалтад хамруулаагүй, оюутнууд эрсдэлтэй нөхцөлд сурч байсан. Зөрчлийг арилгах албан даалгавар өгсөн. Тус их сургууль албан даалгаврын дагуу арга хэмжээ авсан гэдгээ эргэж мэдэгдсэн.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Аюулгүй ажиллагааг ягштал мөрдүүлбэл айх зүйл үгүй
Бидний нэрлэж заншсанаар Орбитод буюу Сонгинохайрхан дүүргийн I хорооны нутаг дахь хоёр га орчим талбайтай хашааны үүдэнд аюултай, хортой, орж болохгүй гэсэн бичигтэй тэмдэглэгээ өлгөжээ. Айл өрхүүдтэй хаяа залган барьсан уг хашаа бол “Цэцүүх трейд” компанийн импортлон, борлуулдаг химийн болон аюултай бодис хадгалдаг агуулах юм. Эл компанийнхан уул уурхай, эрчим хүч, эмнэлэг болон бусад шаардлагатай салбарт химийн хортой бодис нийлүүлээд 20 гаруй жил болж буй. Орбит дахь дан, том, жижиг 12 байшин бүгд цоожтой, хариуцсан нэг ажилчин, 24 цагийн манаачтай юм байна. Биднийг нэг агуулах руу оруулахад 10 литрийн багтаамжтай болов уу гэмээр, хуванцар савтай бодисууд өржээ. Энд хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл багатай ч тусгай зөвшөөрөлтэйгөөр импортлон, борлуулдаг лабораторийн шинжилгээ, сургалтад зориулагдсан 0.2-1 кг, 3-10 литрийн багтаамжтай бодисуудын дөрөв хүртэлх сарын нөөц байгаа аж. Уг агуулахуудыг барихдаа хадгалах бүтээгдэхүүний эрсдэлийг тооцон, байгаль орчны нарийвчилсэн үнэлгээ, галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан гэлээ. Бүх агуулах байгалийн гэрэл сайн тусахуйц, эвсэл хиймэл гэрэлтүүлэг, агаар сэлгэлт өндөр байхаар төлөвлөсөн гэв. Хадгалж буй бодисын нэр, химийн томьёо, тухайн бодистой харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өлгөжээ. Ер нь тухайн бодисыг ачих, буулгах, тээвэрлэх, хадгалах үйлдэл бүрт тохирсон стандарт мөрддөг бөгөөд зөвшөөрөлтэй, бүхээгтэй, тэмдэглэгээтэй автомашинаар зөөдөг юм байна. Харин уг агуулахууд гэр хороолол дунд байгаа нь эрсдэлтэй, эсэх талаар
“Цэцүүх трейд” компанийн ерөнхий захирал Ц.Намжил “Бид агуулахаа 1990-ээд оны сүүлч үед, тэнд байсан цэргийн ангийн барилгыг түшиглэн барьсан. Саруулхан цонх, өндөр таазтай нь янз бүрийн бодис хадгалахад тухайн үедээ тун сайн сонголт болж байв. Өдгөө гэр хороолол тэлж, манай хашааг хүрээлчихсэн. Гэхдээ хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл багатай, жижиг савлагаатай бүтээгдэхүүнүүд тэнд бий. Уул уурхай, эрчим хүчний салбарынхан хэрэглэдэг азотын болон фосфорын хүчил, аммиак, сольвант зэргийг Налайхад байдаг шинэ, агуулахуудад хадгалдаг. Мөн овор, хэмжээ ихтэй, хоруу чанар өндөртэй бодис, урвалжуудыг гаалийн бүсээс шууд захиалагчдад нь нийлүүлдэг. Манай компани байгуулагдсанаас хойш өдий хүртэлх хугацаанд Монгол Улсын импортолдог, химийн хортой, аюултай бодисын нэр төрөл, хэрэглээ бараг 70- 80 хувиар нэмэгдсэн. Борлуулагч компаниуд ч олон болсон. Бид худалдаж буй бүтээгдэхүүн тус бүртээ тусгай зөвшөөрөл авдаг. Тухайн бодисыг хэрэглэх эрхтэй аж ахуйн нэгжүүдэд л нийлүүлдэг. Ер нь тун хариуцлагатай, хөдөлмөрийн, галын аюулгүй ажиллагааны тодорхой стандарт, дэг журам шаарддаг юм. Гэхдээ үйл ажиллагаандаа зохих стандарт, дүрмийг ягштал мөрдүүлж чадвал айх зүйл үгүй, асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, химийн хортой бодисуудтай зөв харьцвал “эм”, үгүй бол шууд хор болж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг” хэмээн ярив.
2014 онд одоогийн БОАЖЯ-ны санаачилгаар, төслийн хөрөнгөөр байгуулсан, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой, аюултай бодис хадгалдаг хоёр, том агуулах Орбитод байдаг аж. Тэнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ямар нэгэн байдлаар хураагдсан, эсвэл хориотой, ашиглах боломжгүй янз бүрийн химийн бодис, мөнгөн ус, цианид зэргийг хадгалдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын олон нийттэй харилцах албаныхан хэлсэн. Гэхдээ уг агуулах руу орж, нөхцөл байдалтай танилцан, хадгалалт, хамгаалалтын ямар горим баримталдгийг нь мэдэхийн тулд ТЕГ, ОБЕГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудын гарын үсэгтэй зөвшөөрөл хэрэгтэй гэлээ. Харин эдгээр байгууллагын аль ч нь тухайн агуулахад биднийг очихыг зөвшөөрсөнгүй.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
БАЙР СУУРЬ
Химийн бодис импортолж, ашигладаг газрууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэх талаар тодрууллаа.
Ц.БАТСҮХ: (“Реактив” ХХК-ийн ерөнхий захирал)
-Манай компани 1996 онд байгуулагдсан. Химийн бодисын худалдаа, лабораторийн тоног төхөөрөмжийг ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ зэрэг улсаас импортолдог. Одоогоор лабораторийн шинжилгээ, судалгаа, техникийн зориулалттай 300 орчим төрлийн химийн бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”, Оюутолгой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр гэх зэрэг үйлдвэр, аж ахуйн газрууд манайхаас химийн бодис авдаг. Манай компани үндсэн 10, гэрээт 20 ажилтантай, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, сургалтад хамруулан, зориулалтын хувцас хэрэглэлээр хангадаг. Бодис хадгалдаг агуулах Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт бий. Мэдээж агуулахаа зохих стандартын дагуу сэрүүн, хуурай орчинтой, шингэн гадагшлуулдаггүй хатуу материалаар барьсан. Монгол Улсад химийн бүтээгдэхүүн ашигладаггүй үйлдвэр, аж ахуйн нэгж байхгүй. Бидний өдөр тутамдаа ашигладаг давсанд ч химийн найрлага бий. Энэ төрлийн үйл ажиллагааг явуулахдаа санамсаргүй алдаа гаргавал олон хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулах тул бид хариуцлагатай ажилладаг.
Н.НЭРГҮЙ: (“Ерөөлт интернэйшнл” арьс ширний үйлдвэрийн мэргэжилтэн)
-Манайх химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Бид импортлогч “Мичид-Алтай” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд химийн бодисыг хэрэглэх хэмжээгээрээ авдаг. Мөн эл байгууллагын стандартын шаардлага хангасан агуулахад бодисоо хадгалуулдаг. Арьс шир боловсруулахад 100 гаруй төрлийн бодис ашиглагддаг. Хүмүүс арьс ширний үйлдвэрүүдийг химийн хортой, элемент хэрэглэдэг гэж боддог нь буруу. Тодруулбал энэ чиглэлд ихэвчлэн хүнсний сода, будагч, бэхжүүлэгч зэргийг ашигладаг. Одоогоор коронавирусийн халдварын улмаас үйл ажиллагаагаа зогсоод байна.
Г.АНАР: (ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн, дэд ахлагч Г.Анар)
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.3-т “Химийн хортой, аюултай бодисыг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, зориулалтын бусаар ашигласан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорьж шийтгэнэ” гэж заасан. Энэ оны гуравдугаар сарын байдлаар дээрх хуульд заасан гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн О 175 грамм мөнгөн ус хадгалж байсныг хураан авч, мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Д автомашиндаа 24.2 кг химийн хорт, аюултай бодис хадгалж, худалдах гэж байсныг Экологийн цагдаагийн алба илрүүлж, хураан авсан, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2018 онд 15, 2019 онд 19 бүртгэгдэж байсан. Ялангуяа сүүлийн үед химийн хорт бодис болох мөнгөн усыг алт олборлодог бичил уурхайнууд хууль бусаар ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ нь хүний эрүүл мэнд, болон байгальд сөрөг нөлөөтэй тул иргэд, аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байхыг анхааруулъя.
Ц.РЭНЦЭНХАНД (ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор)
-Maнай лаборатори бичил биетийн судалгаа хийдэг болохоор хийж буй туршилтаас хамаарч химийн бодис ашигладаг. Ихэвчлэн бактери, мөөгөнцөр өсгөдөг тэжээлийн бодисыг судалгаа, шинжилгээнд хэрэглэнэ. Мөн глюкоз, сахароз, төрөл бүрийн давс зэрэг нэмэлт бодис болон зарим органик уусгагч эталон, метанол, диметилсульфоксид ашигладаг. Химийн бодисыг “Грийн химистри”, “Монветмед” ХХК, “Гялс” төвөөс авдаг бөгөөд зааврын дагуу хуурай, сэрүүн, харанхуй газар хадгалдаг. Хортой бодис ашиглахдаа амны хаалт, бээлий өмсөнө. Зарим бодис гар түлэх, амьсгал боогдуулах аюултай учраас болгоомжтой байх хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны дүрэмд “Санамсаргүй тохиолдолд биедээ хүргэсэн бол угаах, хоргүйжүүлэх арга хэмжээ авна” хэмээсэн байдаг.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Хорт бодис агуулах байгууламжийг орон сууцаас хол байрлуулах шаардлагатай
Химийн хорт бодисыг тээвэрлэхдээ аюулын зэргийн тэмдэглэгээ, сэрэмжлүүлэг, ангиллын кодыг агуулсан шошгыг савалгаан дээр нь заавал байрлуулах ёстой аж. Мөн хорт бодис асгарах, өөр нэгдэлтэй урвалд орох зэрэг эрсдэлтэй үед хариу ямар арга хэмжээ авахыг ч бичсэн байх ёстойг НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан зөвлөмжид дурджээ. Хорт бодисыг аюулын түвшинээр нь ес ангилсан байна. Хамгийн аюултай нь тэсрэх бодис, дараа нь шахсан, шингэрүүлсэн хий орно. Шатамхай шингэн, амархан шатах хатуу бодис, исэлдүүлэгч, органик хэт ислийг дараа нь дурдаж байна. Мөн цацраг идэвхт, идэмхий бодис зэргийг жагсаажээ.
АНУ-д мөрддөг стандартад химийн хорт бодисыг зохих ёсоор савлаж, тэмдэглэгээ хийсэн, эсэхийг тээвэрлэгч нь хянах үүрэгтэй байхаар тусгасан байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүр аюулгүйн ажиллагааны дүрмийн сургалтад хамрагдсан байх ёстой гэнэ.
Хятад улс химийн бодис үйлдвэрлэдэг, ашигладаг аж ахуйн нэгжийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тиймээс хорт бодисын хэрэглээ, тээвэрлэлт, хадгалалтыг хуулиар зохицуулж, зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцох арга хэмжээ авдаг гэнэ. Үйлдвэрлэлд химийн хорт бодис ашигладаг аж ахуйн нэгжүүд нь гурван төрлийн тусгай зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.
Финландад гэхэд ийм бодистой харилцах бол хамгаалалтын хувцас заавал өмсөхийг зөвлөдөг. Түүнчлэн ямар бодисыг юунд хэрэглэхээр нь ангилж, хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт зэрэг шат бүрт салбар яамныхан нь анхаарч ажиллахаар зохицуулсан байна. Гоожсон, эсвэл асгарсан тохиолдолд ямар бодис гэдгийг нь мэдэхгүй бол хүрэхээс зайлсхийнэ. Тэнд галын дохиолол байрлуулах шаардлагатай бөгөөд орон сууц, шатахуун түгээх төв, хогийн цэг зэрэг байгууламжаас хол байрлуулах ёстой. Уг байр агааржуулалт сайтай, чийггүй байхын зэрэгцээ модон материалаар хийсэн шалтай байх ёсгүй. Харин тэсэрч, дэлбэрэх бодисыг төмөр саванд хадгалах журам баримталдаг аж. Нэг литрээс их хэмжээтэй шатамхай шингэнийг металл саванд хадгалах стандарттай юм байна. Ийм шингэн хадгалах өрөөний хана, тааз, шалыг галд тэсвэртэй материалаар хийх ёстой гэнэ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан