Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Өмнө нь бид найман сэтгэгчийн үзэл бодлыг хуваалцсан билээ
Лори Гаррет: Глобал капитализмын драмтай шинэ үе шат
/Олон улсын харилцааны зөвлөлд глобал эрүүл мэндийн асуудлаар эрдэм шинжилгээний ахлах ажилтан асан, зохиолч, Пулицерийн шагналтан/
Дэлхийн санхүү, эдийн засгийн системд гарч байгаа томоохон доргио чичиргээ бол ханган нийлүүлэлтийн глобал хэлхээ болон хуваарилалтын сүлжээний тогтвортой байдал маш хүчтэй алдагдаж, саатал тасалдал тохиолдож байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Тийм учраас коронавирусын цар тахал эдийн засгийн урт удаан хугацааны үр дагавар дагуулаад зогсохгүй мөн томоохон суурь өөрчлөлтөд бас хүргэнэ.
Үйлдвэрлэлээ бүх дэлхий даяар хуваарилан тарааж, бүтээгдэхүүнээ агуулахад хадгалах шаардлагагүйгээр цаг алдалгүй зах зээлд хүргэх боломжийг компаниудад глобалчлал олгосон. Хэрвээ тавиур дээр нөөцүүд хэд хоновол үүнийг зах зээлийн тасалдал, саатал хэмээн тооцдог байв. Нийлүүлэлтийг глобал төвшинд, харилцан зөвшилцсөний үндсэн дээр, маш сайн бэлтгэж, цаг тухайд нь хэрэгжүүлэхэд хүрдэг байсан. Өвчин үүсгэгч микробууд зөвхөн хүнд халдварлаад зогсохгүй мөн маш нарийн цагийн хуваарьтай нийлүүлэлтийн системийг ч мөн хордуулдаг болохыг СOVID-19 нотоллоо.
Хоёрдугаар сараас хойш санхүүгийн зах зээл дээр дэлхий ертөнцийн амсч байгаа алдагдлын цар хэмжээг харгалзан үзвэл цар тахлын дараа компаниуд “яг цагт нь” хэмээх зарчмаар ажиллах загвараасаа, мөн үйлдвэрлэлийн глобал хуваарилалтаас татгалзаж эхлэх магадлалтай. Нийлүүлэлтийн хэлхээг гэрт ойртуулах, ирээдүйд гарч болзошгүй тасалдал, саатлаас сэргийлэхийн тулд бүтээгдэхүүний нөөц бий болгох зэргээр глобал капитализмын хувьд драмтай шинэ үе шат эхэлнэ. Энэ нь компанийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөх боловч системийг илүү сайн амьдрах чадвартай, шалгуур даадаг тэсвэртэй болгоно.
1 comment
Сандрал гэж монгол үг байхгүй ээ! Сандрах,тэвдэх,яарах,бачимдах гм үгнүүдийн хувиралыг сэтгүүлч юм бол мэдэх ёстой!! Тэвдэл,яарал гм-ээр ярих болж байна уу! Үйл үг-үйлт нэр гээд үүсэх үүсэхгүй үгнүүд бий шүү! Сандрах гэж үг сандарч,сандарсан,сандрахдаа гэх мэтээр ярьж хэрэглэдэг юм даа!! Сандрал,омогшил гээд төгс биш үгнүүдийг өм-ууд л хэрэлэдэг байхаа!! Омогших гэж үг уурлаж бухимдахдаа гаргадаг зан авирыг хэож байгаа. Үүний оронд бахархах,гайхуулах гм олон үг байнаа!