УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг хэлэлцсэн.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах Үндэсний Ерөнхий Хөтөлбөрийг 2015 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд 65 сая еврогийн санхүүжилтийг Европын холбооноос олгохоор болсон.
Хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар өдгөө гурван төсөл хэрэгжүүлсэн бөгөөд буцалтгүй тусламжийн үлдсэн хэсэг болох 50.8 сая орчим еврог төсвийн дэмжлэг болон текникийн туслалцаа хэлбэрээр авахаар талууд тохиролцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Түүнчлэн тэрбээр, Европын Холбоотой хэрэгжүүлж байгаа хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслөөр үйлчлэх түншлэгч орнуудын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахаар төлөвлөж байна.
Тус хэлэлцээр нь Европын Холбооны жишиг хэлэлцээр бөгөөд тус холбооноос тусламж олгож буй орнуудтай байгуулдаг. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн болон бусад татварыг чөлөөлөх явдал гэж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авсан бөгөөд санал хэлэх гишүүн байсангүй.
Иймд Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.