Нийслэлийн Эрүүл мэндийн газраас /НЭМГ/ өнөөдөр /2020.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа: хэлэхдээ “Тусгай үүргийн онгоц болон орон нутгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг 14-21 хоног тусгаарлах байранд тусгаарлаж байгаа. Эмнэлгээс гарсан иргэд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр иргэдэд дүүрэг болон өрхийн эмнэлгүүд хяналт тавин ажиллаж байна.
Энэ үйл ажиллагааг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас бидэнд ирүүлсэн иргэдийн нэрсийн дагуу хяналтыг хийсэн. Гуравдугаар сарын 24-өөс эхлэн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 2509 хүнийг хяналтад авах ёстойгоос 1727 хүнийг хяналтад авсан.
Хяналтад авсан 1727 хүнээс өчигдрийн байдлаар 1208 хүнийг өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад авсан.Үлдсэн хүмүүсийн хяналтын хугацаа дуусаагүй байгаа бол тусгаарлалтын ажиглалтын хугацаа дуусч хяналтаас гарсан 502 хүн байна. Зургаан хүний тусгаарлалтын хугацаа сунгагдсан.
Мөн энэ хугацаанд багагүй шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Дүүрэг хоорондын шилжилт хөдөлгөөнийг 504 хүн, хөдөө орон нутагт 51 хүн шилжсэн. Хөдөө, орон нутагт шилжсэн иргэдийг Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабт мэдэгдэн аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа. Мөн 11 хүний хаягийг тодруулахаар дүүргийн онцгой комиссуудад өгсөн.
Гэрийн ажиглалтад байгаа ихэнх хүмүүс тусгаарлалтын дэглэмийг маш сайн мөрдөж байгаа ч зарим нэг асуудал үүсгэж өгсөн хаяг дээрээ байхгүй, утсаа салгаж сураггүй алга болох, тусгаарлалтын дэглэмийг зөрчиж гадуур явах тэр битгий хэл орон нутаг руу зорчсон тохиолдлууд гарсан. Тиймээс зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад өгч сураггүй болсон нэгнийг нь олуулж байна” гэж хэллээ.